хамуг МОНГОЛын хөдөлмөрийн намЫН ҮНДСЭН ДҮРЭМ


 

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

ХМХН-ын ИхХурлын 2011 оны 09-р сарын 23-ны өдрийн 09 тоот тогтоолоор батлав.

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

Нэгдүгээр зүйл. Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын зорилго, үнэт зүйл

1.1   Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам /ХМХН/ нь “өөрийгөө авч яв” гэсэн барууны үзлээс татгалзаж хамтын эв нэгдлийг дээдэлсэн хамтын ардчилсан /social democraty/ үзэл баримтлал бүхий зүүний нам байна. Үндэсний нийт баялаг, төрийн эрх мэдэл, сайн амьдрах боломж зөвхөн цөөн хэдэн хүмүүст эдлэгдэх биш харин Монгол хүн бүрт нээлттэй бөгөөд боломжтой байх ёстой гэсэн зарчмыг чиглэлээ болгон илүү сайн, илүү хөгжилтэй улс орныг бүтээн босгохын төлөө ганцаараа биш харин хамтаараа хөдөлмөрлөх нь амжилтанд хүргэнэ гэдэгт итгэдэг.

1.2   Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам нь ардчиллын үнэт зүйлс болох эрх чөлөө, эв нэгдэл, тэгш эрх, шударга ёсыг үнэт зүйлээ хэмээн үзэж эрхэмлэнэ.

1.3   Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах, сонгуульд ялалт байгуулан олонхи болж бодлого, төрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

1.4   Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам нь Монгол Улсын Үндсэн Хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хууль тогтоомжууд, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Конвенцийн үзэл санаа, зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

1.5   Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.

1.6   Нам үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтлан ажиллана:

1.6.1        Ардчилсан, шударга, нээлттэй зарчмыг хангах

1.6.2        Намын гишүүдийн идэвхтэй оролцоог хангах

1.6.3        Намын ажлыг ёс зүйн өндөр түвшинд явуулах

1.6.4        Намын ажлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр явуулах

1.6.5        Намын гишүүд, дэмжигчидтэйгээ ил тод, хамтын үйл ажиллагааны зарчмыг баримтлах

1.6.6        Хамтын удирдлагыг эрхэмлэх

Хоёрдугаар зүйл. Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын бэлэгдэл

2.1  Хамуг Монгол Хөдөлмөрийн Нам бэлгэдэл, далбаатай байна.

2.2  Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын бэлэгдэл нь цэнхэр дэвсгэр дээр цагаан хүрээ бүхий гурвалжин дүрс байх ба түүний дотор арвайн түрүүг байрлуулна. Гурвалжингийн голд нь Хамуг Монгол гэсэн үг мөн гурван өнцөгт нь Тэнгэрлэг, Зөв, Мэдлэг гэсэн үгсийг мөн монгол бичгээр бичсэн байна. Энэ нь Хамуг Монголчууд тэнгэрлэг, зөв, мэдлэгтэй байхгүй бол харанхуй руу унаж ирээдүйгээ харах чадваргүй болохооос болгоомжлуулсныг илэрхийлсэн утгатай.

2.3  Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын далбаа нь хөх, улаан, хөх гэсэн хоёр өнгөтэй байх ба урт өргөн нь 2:1 харьцаатай байна. Доод хөх өнгө нь “Хөх Монгол”-ыг, Дунд улаан нь “Бүтээн байгуулалт”-ыг, Дээд хөх өнгө нь “Хамуг Монгол”-ыг тус тус бэлгэднэ. Далбааны голын улаан дээр Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын бэлгэдэл байрлана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛ ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ

Гуравдугаар зүйл. Хамуг Монгол Хөдөлмөрийн Намд гишүүнээр элсэх

3.1  Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын зорилго, үнэт зүйлийг дэмжин, мөрийн хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, ажиллахаа илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн гишүүнээр элсэж болно.

3.2  Намд гишүүнээр элэсэхээ илэрхийлсэн хүсэлтээ оршин суугаа газрын намын үүрт илэрхийлж, Хамуг Монгол Хөдөлмөрийн Намд элсэх өргөдлийг бичгээр өгнө.

3.3  Намын гишүүнийг үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахыг хориглоно.

3.4  Хамуг Монгол Хөдөлмөрийн Намд хүчээр элсүүлэх, гишүүнээс шалтгаангүйгээр хөөхийг хориглоно.

Дөрөвдүгээр зүйл. Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүний эрх, үүрэг

4.1  Намын гишүүн доор дурьдсан эрхүүдтэй:

4.1.1        Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр бодлого боловсруулах, хэлэлцэхэд оролцох

4.1.2        Намаас явуулж байгаа үйл ажиллагаанд оролцох, санаачилга гаргах

4.1.3        Намын удирдах байгууллагад нэр дэвших, бусдын нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох

4.1.4        Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих

4.1.5        Улс орны болон намын дотоод асуудлаар санал тавьж хариу авах, шалгах, мэдээлэл өгөхийг шаардах

4.1.6        Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох

4.1.7        Гишүүнийхээ хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах

4.1.8        Гишүүдийн төлсөн татвар, өргөсөн хандив, намын сангийн зарцуулалтын санхүүгийн тайланг сонсох

4.2  Намын гишүүн доор дурьдсан үүрэгтэй:

4.2.1        Намын зорилго, үнэт зүйлийг үргэлж хүндэтгэж, хамгаалж явах

4.2.2        Намын гишүүн бүр намын болон улс орны амьдралын талаар мэдээлэлтэй байх

4.2.3        Намын дүрмийг биелүүлэх

4.2.4        Гишүүн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн үүрт харьяалагдана

4.2.5        Намын ажилд идэвхитэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх

4.2.6        Намын гишүүд, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх

4.2.7        Төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын мөрийн хөтөлбөрийг сурталчлан ойлгуулах

4.2.8        Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх

4.2.9        Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах

4.2.10    Гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тушаах

4.2.11    Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр Монгол Улсын хуулийг чанд мөрдөн, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, Монгол хүний сайн сайхны төлөө үнэнч, шударга, тууштай ажиллахаа батлан тангараг өргөх

4.2.12    Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх

4.2.13    Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүн улс төрийн өөр намын гишүүн байхыг хориглоно.

4.3  Энэхүү дүрмийн 4.2.8, 4.2.11, 4.2.12-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:

4.3.1        Намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх

4.3.2        Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах

4.3.3        Намын боловсон хүчний нөөцөд бүртгэх

4.3.4        Энэхүү дүрмийн 4.3-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын үүрийн тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон харьяалагддаг үүрийн зөвлөлд мэдэгдэнэ.

Тавдугаар зүйл. Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүнээс түдгэлзэх

5.1  Намын гишүүн хууль тогтоомжинд заасан тохиолдолд Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа өөрийн харъяалагдах үүрт бичгээр мэдэгдэж хасалт хийлгэнэ.

5.2  Түдгэлзэх үндэслэл арилсан бол гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй.

Зургаадугаар зүйл. Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүнээс гарах

6.1  Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.

6.2  Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах үүрт мэдэгдэж бүртгэлээс хасуулна.

6.3  Монголын Хөдөлмөрийн Намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно. Намаас Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн намаас УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь Монгол улсын Сонгуулийн хуулийг зөрчсөн, намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан намаас сонгогдсон буюу томилогдсон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа намын зорилго, үнэт зүйлийн эсрэг үйлдэл хийсэн тохиолдолд намаас гарсанд тооцож, хариуцлага хүлээлгэнэ.

6.4  Аймаг, Нийслэлийн Намын Хяналтын Зөвлөл энэ дүрмийн 6.3-д заасан намын гишүүний зөрчлийг хүмүүсийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачилгаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гаргах тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харъяалагдах намын үүрийн зөвлөлд мэдэгдэнэ,

6.5  Аймаг, нийслэлийн Намын Хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

6.6  Энэ дүрмийн 6.3-д заасан дутагдлаа гишүүн зассан гэж үзвэл Хамуг Монголын Хөдөлмөрийн намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.

6.7  Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам нь намын зорилго, үнэт зүйлийг зөвшөөрч, мөрийн хөтөлбөрийг дэмжин ажиллах залуучуудын, ахмадын, эмэгтэйчүүдийн байгууллагатай байна. Эдгээр байгууллагын ажиллах журмыг Удирдах Зөвлөл тогтооно.

Долоодугаар зүйл. Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дэмжигч

7.1  Намын зорилго, үнэт, мөрийн хөтөлбөр болон үйл ажиллагааг дэмжих ажиллах хүсэлтээ илэрхийлсэн иргэнийг намын анхан шатны үүрт дэмжигчээр бүртгэнэ.

7.2  Дэмжигч өөрийн санал, санаачлагаар намын ажилд оролцоно.

7.3  Дэмжигч намын нэрийн өмнөөс орон нутгийн сонгуульд нэр дэвших саналаа харьяалагдах үүрийн зөвлөлд оруулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН СУМ, ХОРООНЫ ҮҮРИЙН ЗӨВЛӨЛ

Наймдугаар зүйл. Сум, Хорооны Намын Дээд байгууллага

8.1   Хамуг Монголын Хөдөлмөрийн намын анхан шатны удирдах байгууллага нь сум, хороонд Намын Үүрийн Зөвлөл ажиллана. Намын Үүрийн Зөвлөлийг сум, хорооны бүх гишүүдийн хурлаар зөвлөлийн дарга, түүний орлогч болон тэргүүлэгчдийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр жилийн хугацаатай сонгоно. Энд үүрийн гишүүний тооноос хамаарч Үүрийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн тоог тогтооно.

8.2  Дүүргийн Намын Хороог дүүргийн Бага хурлаар дарга, түүний орлогч болон тэргүүлэгчдийг 9-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр жилийн хугацаатай сонгоно. Намын Хорооны тэргүүлэгчдэд тухайн дүүргийн хорооны төлөөллийг оруулна.

8.3  Дүүргийн Намын Хорооны ажиллах журам, эрх, үүргийг Намын Удирдах Зөвлөлөөс тогтооно.

8.4  Сум, хорооны үүрийн зөвлөл болон дүүргийн намын хороо нь гишүүдийн уулзалтыг улиралд нэгээс доошгүй удаа хийж, тайлангийн хурлыг жил тутам хийнэ.

8.5  Намын Үүрийн Зөвлөлийг шинээр байгуулах болон хооронд нь нэгтгэх ажлуудыг аймаг, нийслэлийн Намын хорооны тогтоолоор байгуулна.

8.6  Сум, хорооны үүрийн зөвлөл болон дүүргийн намын хороо нь албан бичгийн хзвлэмэл хуудастай байна.

8.7  Намын анхан шатны байгууллага үйл ажиллагаандаа намын эрх бүхий байгууллагаас баталсан чиглэлийг баримтлан ажиллана.

Есдүгээр зүйл. Намын Үүрийн Зөвлөлийн эрх ба үүрэг

9.1  Сум, Хорооны Намын Үүрийн Зөвлөл нь ил тод ажиллах бөгөөд дараах эрх, үүрэгтэй байна.

9.1.1        Үүрийн Зөвлөл нь намын зорилго, үнэт зүйл, мөрийн хөтөлбөр болон дүрмийг нийт ард түмэнд таниулах болон сурталчлах ажлыг зохион байгуулах намын бодлого, шийдвэрийг сурталчилах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;

9.1.2        Гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөж, намын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх;

9.1.3        Намын амьдрал, улс орны тулгамдсан асуудлаар гишүүд болон ард иргэдэд мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах;

9.1.4        Намын хэвлэл захиалах ажлыг зохион байгуулах;

9.1.5        УИХ, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийн үед намаас нэр дэвшигчдийг дэмжих ажлыг зохион байгуулах;

9.1.6        Намын удирдах дээд байгууллагаас гаргах баримт бичиг, шийдвэрийн төслийн талаар саналаа илэрхийлэх;

9.1.7        Тухайн харьяалагдах орон нутгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх;

9.1.8        Намын удирдах дээд байгууллагад сонгогдох, түүнчлэн харьяалах нутаг дэвсгэрт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, ИТХ-ын болон Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар саналаа илэрхийлэх;

9.1.9        Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэн, намын санхүүг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

9.1.10    Гишүүд болон намынхаа нэр хүндийг хамгаалах;

9.1.11    Намын нэрээр сонгогдож, томилогдсон гишүүдийнхээ ажил байдлын тайлан, мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай бол намын Удирдах Зөвлөлд хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах.

Аравдугаар зүйл Сум, Хороо, Дүүргийн тэргүүлэгчдийн эрх, үүрэг

10.1Тэргүүлэгчид нь Сум, Хорооны Бүх Гишүүдийн болон Дүүргийн Бага хурлын чөлөөт цагт энэ дүрмийн 9.1.1-9.1.6, 9.1.8-9.1.12-т заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХОРОО

Арваннэгдүгээр зүйл. Аймаг, Нийслэлийн Намын Хороо

11.1Аймаг, Нийслэлийн удирдах дээд байгууллага нь Аймаг, Нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт дагт Аймаг, Нийслэлийн Намын Хорооны хурал байна.

11.2Аймаг, Нийслэлийн Намын Хороог хоёр жилийн хугацаатай байгуулна.

11.3Аймаг, Нийслэлийн намын Бага хурал нь Үүрүүд болон Дүүргийн намын Хорооноос сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.

11.4Аймаг, Нийслэлийн Намын Хорооны ажиллах журам, чиглэлийг намын Удирдах Зөвлөлөөс тогтоосон чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчдийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална.

Арванхоёрдугаар зүйл. Аймаг, Нийслэлийн Намын Бага хурлын эрх, үүрэг

12.1   Аймаг, нийслэлийн Намын Хороо дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1    Аймаг, нийслэлийн намын хорооны бодлого, чиглэлийг тодорхойлох;

12.1.2    Аймаг, нийслэлийн намын хорооны ажлын тайланг сонсох, хэлэлцэх;

12.1.3    Аймаг, нийслэлийн намын хорооны санхүүгийн тайланг хэлэлцэх;

12.1.4    Аймаг, нийслэлийн намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэх;

12.1.5    Сум, хорооны үүрийн зөвлөлийн болон дүүргийн намын хорооны ажлын болон санхүүгийн тайланг сонсох, хэлэлцэх;

Арвангуравдугаар зүйл. Аймаг, Нийслэлийн Намын Бага хурлын хуралдаан

13.1  Аймаг, Нийслэлийн Намын Бага хурлын хуралдаан жилд хоёроос доошгүй удаа хуралдана.

13.2  Ээлжит бус Аймаг, Нийслэлийн Намын Бага хурлыг намын гингүүдийн олонхийн шаардлагаар хуралдуулж болно.

13.3  Аймаг, Нийслэлийн Намын Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхи оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

13.4  Аймаг, Нийслэлийн Намын Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.

Арван дөрөвдүгээр зүйл. Аймаг, Нийслэлийн Намын Хороо түүний эрх, үүрэг

14.1  Аймаг, Нийслэлийн Намын Хороо нь дараагийн ээлжит Бага хурал хүртэл дараах эрх. үүргийг хэрэгжүүлнэ.

14.1.1    Сум, хорооны намын үүрийн зөвлөл болон дүүргийн намын хорооны ажиллах чиглэлийг тодорхойлж, мэдээлэл өгөх, түүний тасралтгүй байдлыг хангана;

14.1.2    Сум, хорооны намын үүрийн зөвлөл болон дүүргийн намын хорооны үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөх;

14.1.3    Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын Их, Бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах;

14.1.4    Намын бодлого, шийдвэрийг гишүүдэд ил тод мэдээлж, сурталчлан таниулах болон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих биелэлтийг нь дүгнэж намын гишүүдэд мэдээлэх;

14.1.5    Намын хорооны дарга, орлогч даргыг сонгох;

14.1.6    Аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орлогч даргыг оролцуулан 9-11 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийг сонгох;

14.1.7    ИТХ дахь Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын бүлэгт чиглэл өгөх;

14.1.8    Намын байгууллагын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх;

14.1.9    Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар санал гаргах, нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах;

14.1.10                        Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх. Сонгуулийн ажлыг зохион байгуулах;

14.1.11                        Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг намын Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх;

14.1.12                        Намын гишүүдийн тоо, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэн нэгдсэн бүртгэл хөтлөх;

14.1.13                        Намын санхүүг бэхжүүлэх;

14.1.14                        Намын байгууллагын архив, албан хэрэг хөтлөх ажлыг зохих хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах;

14.1.15                        Намын хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулах;

14.2  Намын Хорооны хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан хуралдааныг өргөтгөн хийж болно. Урилгаар оролцох төлөөлөгчдийн тоог Аймаг, Нийслэлийн Намын Хороо тогтооно.

Арван тавдугаар зүйл. Аймаг, Нийслэлийн Намын Хорооны тэргүүлэгчид, дарга

15.1Аймаг, Нийслэлийн намын хороонд гүйцэтгэх байгууллага нь тэргүүлэгчид байна.

15.2Аймаг, нийслэлийн намын хорооны хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид энэ дүрмийн 14.1-14.1.4; 14.1.7; 14.1.1-14.1.14-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлж үр дүнг намын хорооны хуралд тайлагнана. Тэргүүлэгчид намын хорооны жилийн төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлана.

15.3Тэргүүлэгчид бүрэлдэхүүнийхээ олонхийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар тогтоол гаргах бөгөөд хуралдааныг аймаг, нийслэлийн намын хорооны дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдаж, шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН УДИРДАХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА

Арван зургаадугаар зүйл. Намын дээд байтууллагын тогтолцоо

16.1Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Намын Бага хурал байна.

Арван долоодугаар зүйл. Намын Их Хурал, түүний бүрэн эрхүүд

17.1Ээлжит Их Хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна.  

17.2Намын ээлжит Их Хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана.

17.3Намын Их Хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Намын Бага хурал тогтооно.

17.4Намын Их Хурал намын бодлогын бүх асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ:

17.4.1    Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, Хяналтын Ерөнхий Хорооны            дүрмийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;

17.4.2    Намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн ажлын тайланг хэлэлцэх;

17.4.3    Намын даргыг сонгох;

17.4.4    Намыг өөрчлөн байгуулах; 

Арван наймдугаар зүйл. Намын Их Хурлын хуралдаан

18.1Намын Их Хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их Хурлыг хүчинтэйд тооцно.

18.2Намын Их Хурлыг хурлаас сонгогдсон тэргүүлэгчид удирдана.

18.3Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна.

Арван есдүгээр зүйл. Намын ээлжит бус Их Хурал

19.1Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр эсвэл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их Хурлыг зарлан хуралдуулна.

19.2Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дарга намын ээлжит бус Их Хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их Хурал хуралдуулах шийдвэр гаргана.

19.3Энэ дүрмийн 19.2-т зааснаар намын ээлжит бус Их Хурлыг хуралдуулахад 17.3-т заасан журмыг баримтална.

19.4Намын ээлжит бус Их Хурал нь энэ дүрмийн 17-4 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж, хуралдааныг 18 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.

Хорьдугаар зүйл. Намын Бага хурал, түүний эрх, үүрэг

20.1Намын Их Хурал намын Бага хурлыг 69 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их Хурал хүртэл байгуулна.

20.2Намын Бага хурал дараах эрх, үүрэггэй байна.

20.2.1    Намын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох;

20.2.2    УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах;

20.2.3    Хамуг Монгол Хөдөлмөрийн Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;

20.2.4    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд “Эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;

20.2.5    Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;

20.2.6    Намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;

20.2.7    Намын Их Хурлын чөлөөт цагг намын дарга хүндэтгэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадахаа боливол Намын даргыг нөхөн сонгохдоо Цэц санал болгож дараагийн Их Хурал хүртэл Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;

20.2.8    Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож батлах

20.2.9    Намын Их Хурлын чөлөөт цагт намын Бага хурлын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл нөхөн сонгох;

20.2.10       Намын бүх шатны байгууллагуудын ажлын чиглэлийг тодорхойлох;

20.2.11       Намын бодлогын тодорхой асууддаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;

20.2.12       Намын шагнал бий болгох, түүнийг олгох журам батлах;

20.2.13    Намын Их Хурлын чөлөөт цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын эв нэгдэл, зорилго, үнэт зүйлд сөргөөр нөлөөлсөн болон гишүүдийн тэгш эрхийг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно.

Хорин нэгдүгээр зүйл. Намын Бага хурлын хуралдаан

21.1Намын Бага хурлын ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна.

21.2Намын Бага хурлын хуралдааныг Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дарга, Намын Удирдах Зөвлөлийн санаачлагаар эсвэл намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын шаардлагаар зарлан хуралдуулж болно.

21.3Намын Бага хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан Бага хурлын хуралдааныг өргөтгөн хийж болно. Удирдах Зөвлөл намын Бага хурлын хуралдаанд урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.

21.4Намын Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.

21.5Нийт гишүүдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол намын Бага хурлыг хүчинтэйд тооцно.

Хорин хоёрдугаар зүйл. Намын Бага хурлын гишүүннй эрх, үүрэг

22.1Намын Бага хурлын гишүүн дараахь эрх, үүрэгтэй.

22.1.1    Намын Их Хурал, Бага хурлаас батлан гаргасан намын бодлого. шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох;

22.1.2    Намын бүх шатны байгууллагын ажилд туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

22.1.3    Ажлын албанд ажиллах;

22.1.4    Намын залуу гишүүдийг намын ажилд сургаж, бэлтгэх;

22.1.5    Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн ажилд биечлэн оролцож, ажлын тайланг намын сонгуулийн Төв байгууллагад хүргүүлэх;

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ДАРГА

Хорин гуравдугаар зүйл. Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дарга, түүний бүрэн эрх

23.1Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам даргатай байна. Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дарга нь намын тэргүүн мөн.

23.2Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын даргыг намын Их Хурлаас дараагийн Их Хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:

23.2.1    Намын эв нэгдлийг хангах;

23.2.2    Намыг дотоод, гадаадад төлөөлөх;

23.2.3     Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулах;

23.2.4    Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах Зөвлөлийн гишүүн нарыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах;

23.2.5    Намын дүрэм, намын мөрийн хөтөлбөр, Тунхаг, Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар Удирдах Зөвлөлд чиглэл өгөх.

Хорин дөрөвдүгээр зүйл. Цэц

24.1Намын даргын дэргэд зөвлөх эрх бүхий Цэц ажиллана.

24.2Цэцийн даргыг Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Бага хурлаас сонгоно.

24.3Цэцийн гишүүд нь Монгол оронд сүүлийн таван жил амьдарсан, улс төрийн туршлагатай 45-аас дээш насны Монгол улсын иргэн байна.

24.4Цэц нь 9 хүртэлх тооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

24.5Цэц нь дараах эрх, үүрэгтэй байна:

24.5.1    Цэц нь намын даргын ёс суртахуун, удирдах чадваруудад хяналт тавина.

24.5.2    Намын даргын шийдвэрүүдэд зөвлөгөө өгөх ба шаардлагатай гэвэл шууд нөлөөлнө;

24.5.3    Цэцийн гишүүнээр ажиллах хүмүүсийг цэцийн дарга, намын даргатай зөвшилцөн томилно;

24.5.4    Цэц шаардлагатай бол намын даргын ёс суртахууны асуудлаар Цэцийн зөвлөлд сонсгол хийлгэнэ;

24.5.5    Намын дарга үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд  Цэц шинэ намын даргыг Бага хуралд санал болгож Бага хурлаар дараагийн Их Хурал хүртэл түр хугацаагаар нөхөн сонгуулна.

24.5.6    Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгогдох хүртэл Цэцийн дарга намын даргын үүргийг гүйцэтгэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА

Хорин тавдугаар зүйл. Намын гүйцэтгэх төв байгууллага

24.1Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын гүйцэтгэх төв байгууллага нь Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Удирдах Зөвлөл байна.

Хорин зургаадугаар зүйл. Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Удирдах Зөвлөл

26.1Удирдах Зөвлөл Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 9-15 хүний бүрэлдэхүүнтэйгээр намын Бага хурлаас намын Их Хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгон байгуулна.

26.2Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам нь тодорхой салбар хариуцсан дэд даргатай байж болно.

26.3Намын Удирдах Зөвлөлийг намын ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.

26.4Намын Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана.

Хорин долоодугаар зүйл. Удирдах Зөвлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ

27.1Намын Их, Бага хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж, намын өдөр тутмын ажлыг удирдана;

27.2Улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын асуудлаар санал дүгнэлт гаргах;

27.3Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж мэдээ, мэдээлэл, ажлын тасралтгүй байдлыг хангах;

27.4Намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх;

27.5Намын гадаад харилцааг эрхэлж, гадаад улсуудын улс төрийн намуудтай харилцаа тогтоож хамтран ажиллах;

27.6Намын жилийн төсвийг баталж, санхүү, аж ахуйн асуудлыг эрхэлж, энэ асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтны ажилд хяналт тавих;

27.7Намын Удирдах Зөвлөлийн ажлын албыг зохион байгуулж ажиллуулах;

27.8Намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг байгуулах, Эрүүл мэнд, хууль, боловсрол, хөдөлмөр, байгаль орчин, хөдөө аж ахуй, гадаад харилцаа, бүтээн байгуулалт, уул уурхай-эрчим хүч, шинжлэх ухаан-технологи, хүчний байгууллагын салбар хариуцсан нарийн бичгийн дарга нартай байна.

27.9Намын Нарийн бичиг дарга нарын ажлын чиг үүргийн хуваарийг батлах;

27.10      Нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөн нь Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга болон Удирдах Зөвлөлийн ажлын албаны дарга нараас бүрдэх бөгөөд намын Удирдах Зөвлөлийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах зохицуулах, аж ахуй санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй. Намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагааны талаар гаргасан санал, хүсэлт, өргөдөлд хариу өгөх ажлыг зохион байгуулна.

Хорин наймдугаар зүйл. Намын Удирдах Зөвлөлийн хуралдаан

28.1Намын Удирдах Зөвлөлийн хуралдааныг намын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна.

28.2Намын дарга эсвэл Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхи нь шаардсан бол Ерөнхий Нарийн Бичгийн дарга хуралдааныг зарлан хуралдуулна.

28.3Ерөнхий нарийн бичгийн даргын эзгүйд Удирдах Зөвлөлийг аль нэг нарийн бичгийн дарга хуралдааныг удирдан явуулна.

28.4Удирдах Зөвлөлийн хуралдаанд гишүүдийн олонхи нь оролцсон бол хүчинтэйд тооцно.

28.5Удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

28.6Удирдах Зөвлөлийн тогтоолд Удирдах Зөвлөлийн гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

28.7Шаардлагатай тохиолдолд Удирдах Зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.

Хорин есдүгээр зүйл. Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга

29.1Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь эрх, үүрэгтэй байна.

29.1.1    Удирдах Зөвлөлийг удирдлагаар хангаж, өдөр тутмын ажилд нь хяналт тавих;

29.1.2    Удирдах Зөвлөлийн хуралдааныг зарлаж, удирдах;

29.1.3    Намын батлагдсан төсвийг захиран зарцуулах, намын санхүү, ажлыг эрхлэн хөтлөх;

29.1.4    Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

29.1.5    Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм зааврын дагуу зохион байгуулах;

29.1.6    Намын гишүүнчлэлийн болон дэмжигчдийн хүрээг өргөтгөх ажлын чиглэлийг боловсруулж, зохион байгуулах үүрэгтэй;

НАЙМДУГААР БҮЛЭГ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ДОТООД ХЯНАЛТ

Гучдугаар зүйл. Намын дотоод хяналтын байгууллага, түүний бүрэлдэхүүн

30.1Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дотоод хяналт хараат бус, бие даасан байна.

30.2Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын дотоод хяналтын ажлыг Намын Хяналтын Ерөнхий Хороо гүйцэтгэнэ.

30.3Намын дотоод хяналтын байгууллага нь өдөр тутмын харилцааг зохицуулах дүрэм, гишүүдийн ёс зүйн хэм хэмжээний зөрчилд хяналт тавьж, шалган тусалж, дутагдлыг засаж, хамтран ажиллах байгууллага мөн.

30.4Намын Хяналтын Ерөнхий Хороог намын Их Хурлаас 7-9 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй дараагийн Их Хурал хүртэл, аймаг, нийслэлийн Хяналтын хороог тэдгээрийн Бага хурлаас 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Бага хурал хүртэл хугацаагаар, Дүүргийн Хяналтын Зөвлөлийг дараагийн Бага хурал хүртэл 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгоно. Сум, Хорооны Хяналтын Зөвлөлийг сум, хорооны Бүх Гишүүдийн хурлаас дараагийн Бүх гишүүдийн хурал хүртэл 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.

30.5Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргыг гишүүд дотроосоо сонгоно,

30.6Их Хурлын чөлөөт цагт Хяналтын Ерөнхий Хорооны гишүүний орон тоо гарвал Хяналтын Ерөнхий Хороо нөхөн сонгож болно.

30.7Аймаг, Нийслэл, Дүүргийн намын Хяналтын Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Сумын Хяналтын зөвлөл дотроосоо даргаа сонгоно.