МОНГОЛын социал АРДЫН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ


 

 

2004 оны 12-р сарын 19-д Улаанбаатар хотноо хуралдсан МСДН-ын Зохион байгуулалтын хурлаар батлав.

МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДҮРЭМ

Зүйл 1. Намын зорилт, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчмууд

Монголын Социал Демократ Нам (цаашид”МСДН” буюу “нам” гэж товчлох) бол

1.      Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг цаашид хамгаалан бэхжүүлж, цогцолбороор тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө

2.      Идэвхтэй иргэний нийгэм төлөвших нийгмийн харилцааг хөгжүүлэхийн төлөө

Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дээдлэн намынхаа дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийнхээ өмнө ёс суртахууны хариуцлага хүлээсэн улс төрийн байгууллага мөн.

МСДН өөрийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд:

1.      Ардчилсан зарчмын үндсэн дээр нутгийн өөрөө удирдах байгууллага, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх

2.      Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн төлөө дотоодын болон олон улсын аливаа улс төрийн байгууллагатай хамтын болон үндэснийхээ эрх ашгийн үүднээс харилцан хүндэтгэх, тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллах

3.      Аливаа асуудалд зөвшилцөн тохиролцохыг урьтал болгох зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа ил тод явуулна.

Зүйл 2. МСДН-ын гишүүн

МСДН-ын үзэл баримтлал, дүрмийг хүлээх зөвшөөрч, тус намд сайн дураараа нэгдэн орох хүсэлтээ гарган, намын зохих байгууллагад бүртгүүлсэн, иргэний бүрэн эрх эдэлж, үүрэг хүлээдэг Монгол Улсын иргэн МСДН-ын гишүүн мөн.

МСДН-ын гишүүн нь үүнийг илэрхийлсэн батлахтай байна.

Зүйл 3. МСДН-ны гишүүний эрх үүрэг

МСДН-ын гишүүн нь дор дурьдсан эрхийг эдэлнэ:

1.      Ардчилсан зарчмын үндсэн дээр намын аливаа байгууллагад сонгогдох буюу сонгох, төрийн байгууллагын сонгуульд намаас нэр дэвших буюу нэр дэвшүүлэх

2.      Төрийн байгууллагын удирдлагад намаас нэр дэвшин томилогдсон буюу төрийн байгууллагын сонгуульд намаас нэр дэвшсэн үедээ намаас зохих ёсны дэмжлэг авах

3.      Намын үйл ажиллагаанд хамаарагдах аливаа асуудлаар намын холбогдох байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлт гарган шийдврлүүлэх болон дүгнэлт, шүүмжлэл гаргах зэргээр шууд харилцах

4.      Энэхүү дүрэмд заасан журмын дагуу намын дотор жигуур байгууллах буюу түүнд нэгдэн орох

5.      Хуулийн дагуу гишүүнээс түдгэлзэх

6.      Намын гишүүн буюу намаас нэр дэвшигч нэр төрөө хамгаалуулах зорилгоор намын байгууллагад хусэлт гаргах

МСДН-ын гишүүн дор дурьдсан үүргийг биелүүлнэ.

1.      Намын дүрмийг удирдлага болгон гаргасан хамтын шийдвэрт захирагдах

2.      Төрийн байгууллагын сонгуульд өөрийн намаас нэр дэвшигчийг дэмжих

3.      Сонгогч нарт өөрийн нам, түүнээс нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг таниулах

4.      Намдаа үйл ажиллагаа буюу санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Зүйл 4. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлага

1.      МСДН-аас нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь намын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй нийцсэн байна.

2.      Төрийн байгууллагын удирдлагад намаас нэр дэвшин томилогдсон буюу сонгогдсон хүн сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын дүрэмд харш үйл ажиллагаа явуулбал намын хариуцлага хүлээнэ.

Зүйл 5. МСДН ба ашгийн бус байгууллага

1.      Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд болон төрийн сонгуульд нэр дэвшүүлдэггүй бусад ашгийн бус байгууллагын бие даасан байдал нийгмийн ашиг тусын төлөө гэсэн байр суурийг, МСДН нь хүндэтгэн харьцаж дэмжинэ

2.      МСДН-ын байгууллагуудын дэргэд мэргэжилийн дагуу нэгдсэн буюу эмэггэйчүүд, залуучуудын зэрэг ашгийн бус байгууллага байж болно.

Зүйл 6. Намын зөвлөл ба гишүүдийн тоо

Багт оршин суугаа намын гишүүний тоо 10, хороонд 20, суманд 40, дүүрэгт 200 хүрсэн бол тухайн шатньг намын зөвлөлийг байгуулж болно.

Зүйл 7. МСДН-ын байнгын удирдах байгууллагууд

1.      МСДН-ын байнгын удирдах байгууллагууд нь нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдах намын зөвлөлүүд бөгөөд

1.1  Анхан шатны зөвлөл нь багын (хорооны) намын гишүүдийн хурлаас сонгогдсон багийн (хорооны) намын зөвлөл

1.2  Хоёр дахь шатны зөвлөл нь сум (дүүргийн) намын хурлаас сонгогдсон сумын (дүүргийн) намын зөвлөл

1.3  Гурав дахь шатны зөвлөл нь аймгийн (нийслэлийн) намын хурлаас сонгогдсон аймгийн (нийслэлийн) намын зөвлөл

1.4  Дөрөв дэх шатны зөвлөл (буюу намын төв байгууллага) нь МСДН-ын бага хурлаас сонгогдсон улс төрийн зөвлөл

2.      Намын аливаа шатны зөвлөл нь дээд шатныхаа зөвлөлийн эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлнэ.

Зүйл 8. Бүрэн эрхийн хугацаа

1.      Хянах зөвлөл болон улс төрийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил буюу Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

2.      Бусад зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа харгалзах шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

3.      Дор дурьдсан заалт нь аливаа шатны намын зөвлөлд хамаарагдана.

3.1  Зөвлөлийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дараах бүрэлдэхүүн сонгогдсон тухай шийдвэр хүчин төгөлдөр болмогц дуусгавар болно.

3.2  Зөвлөлийн гишүүнийг өөрийнх нь хүсэлт, Намын хянах зөвлөл буюу шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн зөвлөл эсвэл сонгогдсон хурал нь чөлөөлж болно.

3.3  Зөвлөлд эрх бүхий хурал нь нөхөн сонгууль явуулж болно.

3.4  3өвлөл нь дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд саад учрахгүй гэж үзвэл гишүүнээ чөлөөлөх буюу түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргаж болно.

Зүйл 9. МСДН-ын Их хурал

1.      Намын ээлжит Их хурал УИХ-ын сонгуулийн хооронд нэг удаа хуралдана.

2.      Намын Их хурлын товыг уг хурал болохоос 45-аас доошгүй хоногийн өмнө намын бага хурлаас зарлана.

3.      Дор дурьдсан эрхийг зөвхөн намын Их хурал эдэлнэ.

3.1  Намын чиг баримтлал, дүрмийг батлах

3.2  Хянах зөвлөлийг сонгох

3.3  Намын дүрэм хэрхэн хэрэгжиж байгаа тухай хянах зөвлөлийн тайланг хэлэлцэх

3.4  Нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай намын бага хурлаас оруулж ирсэн саналыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх

4.      Намын их хурал намын даргын илтгэлийг сонсоно.

Зүйл 10. МСДН-ын Хянах зөвлөл

1.      Хянах зөвлөл бол намын дүрмийг сахиулах баталгаа мөн.

2.      Хянах зөвлөл бол намын их хурлыг өмнө ажлаа хариуцна.

3.      Хянах зөвлөл нь намын гишүүний өргөдлийн дагуу өөрийн санааачлагаар, намын дарга буюу Улс Төрийн Зөвлөлийн өргөдлийн дагуу заавал хуралдаж, энэ зүйлийн 4-т заасныг удирдлага болгон тогтоол буюу дүгнэлт гаргана.

4.      Хянах зөвлөл нь аливаа шатны зөвлөл, түүнийг сонгох намын хурлын шийдвэр дүрэм зөрчсөн эсэх тухай тогтоол, зөвлөлийн гишүүн дүрэм зөрчсөн буюу энэхүү зөрчсөн байдал нь ноцтой учраас түүнийг намын холбогдох албан тушаалаас чөлөөлөх үндэслэл байгаа эсэх тухай дүгнэлт гаргана.

5.      Хянах зөвлөлийн гишүүн нь намын байнгын удирдах байгууллагад сонгуульт алба хашихгүй. Хянах зөвлөлийн гишүүн намын байнгын удирдах байгууллагад эсвэл ийм байгууллагын гишүүн хянах зөвлөлд сонгогдвол түүнийг өмнөх сонгуульт албанаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнд тооцно.

6.      Хянах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг тус зөвлөлийн хурлаар сонгоно.

7.      Хянах зөвлөл 5-аас 9 гишүүнтэй байна.

Зүйл 11. Шийдвэр хэрхэн гаргах

Аливаа шатны намын зөвлөлийн хурал, түүнийг сонгох эрх бүхий хурал, мөн хянах зөвлөлийн хурал, намын хурал энэ дүрмээр олгогдсон эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргахдаа дор дурдсан заалтыг удирдлага болгоно.

1.      Шийдвэрээ тогтоол хэлбэрээр гаргана.

2.      Хүнтэй холбогдсон ээдрээтэй асуудлыг нууц санал хураалтаар бусад асуудлыг ил санал хураах эсвэл зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

3.      Энэ дүрэмд өөрөөр заагаагүй тохиолдолд шийдвэр нь хурал таслах эрхтэй оролцогчдын 50-иас дээш хувиар санал гаргана.

4.      Аливаа шатны намын зөвлөлийн хурал нь бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсон нөхцөлд хүчинтэй.

5.      Хянах зөвлөлийн хурал бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон нөхцөлд хүчинтэй.

6.      Шийдвэр батлагдсан тухай тогтоолд хурал даргалагч, түүний орлогч нар гарын үсэг зурж тамга дарна.

Зүйл 12. Зөвлөл ба түүнийг сонгох хурал

Энэ зүйлийн заалт баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн МСДН-ын зөвлөл болон түүнийг сонгох эрх бүхий тус намын хуралд хамаарна.

1.      Зөвлөл нь тамгын газраа намын дүрэм, намаас явуулж байгаа бодлогыг нутаг дэвсгэртэй хэрэгжүүлэхэд чиглэсэн, хамтын удирддагаар хангах үүрэг хүлээнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь багт 3-аас 5, хороонд 5-аас 10, бусад нь 5-аас 15 гишүүнтэй байна.

2.      Намын зөвлөл нь намын дарга, намын дэд дарга нарыг сонгоно.

3.      Намын зөвлөлийг сонгохдоо Улс төрийн зөвлөлийн сонгохтой адил журам баримтална.

4.      Дарга өөрийн сонгогдсон хуралд ажлаа тайлагнана.

5.      Өөрөөр шийдвэрлээгүй тохиолдолд зөвлөлийн хурлыг намын дарга удирдана.

6.      Зөвлөлийн хурлын шийдвэрийг тухайн зөвлөлийн гишүүн дангаараа буюу хамтран санаачлах эрхтэй.

7.      Баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл МСДН-ын хурлын төлөөлөгчдийг тухай бүрт дараах байдлаар бүрдүүлнэ.

7.1  Баг хорооны намын хуралд тухайн баг, хооронд оршин суугаа МСДН-ын гишүүн оролцох эрхтэй бөгөөд энэ хурлаас сонгогдон ажиллаж байгаа зөвлөлийн гишүүн оролцох үүрэгтэй.

7.2  Сум, дүүргийн намын хуралд баг, хороодын намын хурлаас сонгогдсон төлөөлөгчид, мөн баг, хороодын дарга, дэд дарга нар, тухайн сум, дүүргийн намын зөвлөлийн гишүүн орлох үүрэгтэй.

7.3  Аймаг, нийслэлийн намын хуралд сум, дүүргүүдийн намын хурлаас сонгогдсон төлөөлөгчид, мөн сум, дүүргүүдийн намын дарга, намын дэд дарга нар, тухайн аймаг, нийслэлийн намын зөвлөлийн гишүүн оролцох үүрэггэй.

8.      Намын хурлын төлөөлөгч буюу тухайн шатны намын зөвлөл хурлаас гарах шийдвэрийг санаачлах эрхтэй.

9.      Намын хурлыг даргалагч, түүний орлогч нарыг зөвлөлийн хурлын шийдвэрээр урьдчилан томилно.

10.  Намын зөвлөлийн хурлыг дүрмийн шаардлага буюу зөвлөлийн гишүүдийн гуравны нэг нь санал болгосныг үндэслэн намын дарга зарлан хуралдуулна.

11.  Намын хурлыг дүрмийн шаардлагыг үндэслэн намын зөвлөл зарлан хуралдуулна.

Зүйл 13. Шаардлагын дагуу хуралдах

Намын аливаа хурлыг хуралдуулах тухай шаардлага дотор тухайн хурлын эрх мэдлийн хүрээнд хамаарах ямар асуудлыг, дүрмийн ямар үндэслэлээр, хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаа заасан байх бөгөөд

1.      Намын их буюу бага хурлыг аймаг буюу дүүргийн намын зөвлөлийн намын зөвлөлүүдийн тавиас дээш хувь нь шаардсаны дагуу улс төрийн зөвлөл.

2.      Аймгийн (нийслэлийн) намын хурлыг багийн (дүүргийн) намынзөвлөлүүдийн гуравны нэгээс дээш нь шаардсаны дагуу сумын (дүүргийн) намын зөвлөлүүдийн гуравны нэгээс дээш нь шаардсаны дагуу сумын (нийслэлийн) намын зөвлөл.

3.      Сумын (дүүргийн) намын хурлыг багын хорооны намын зөвлөлүүдийн гуравны нэгээс дээш нь шаардсаны дагуу сумын (дүүргийн) намын зөвлөл.

4.      Багын (хорооны) намын хурлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа гишүүдийн гуравны нэгээс дээш нь шаардсаны дагуу багийн зөвлөл тус тус зарлан хуралдуулна.

Зүйл 14. МСДН-ын бага хурал ба Улс Төрийн зөвлөл

1.      Улс Төрийн Зөвлөл намын бага хурлын өмнө ажлаа хариуцна.

2.      Намын дарга жил бүр Улс Төрийн Зөвлөлийн тайланг бага хуралд оруулж хэлэлцүүлнэ.

3.      Улс Төрийн Зөвлөл 9-өөс 25 гишүүнтэй байна.

4.      МСДН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, нийслэлийн намын дарга нар улс төрийн зөвлөлийн гишүүн байна.

5.      Улс Төрийн Зөвлөлийн Сонгууль МСДН-ын даргын сонгууль, Улс Төрийн Зөвлөлийн бусад гишүүний сонгууль гэсэн хоёр хэсгээс тогтоно.

6.      Намын даргын сонгуульд нэр дэвшигч бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхээр урьдчилан бичгээр бэлтгэсэн мөрийн хөтөлбөртэй байвал зохино.

6.1  Намын даргад нэр дэвшигчдийг сугалаагаар жагсаан байрлуулж, саналын хуудсанд бичнэ.

6.2  Нэр дэшигч нар дээр нууц санал хураана.

6.3  Тавиас дээш санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно, ийм нэр дэвшигч байхгүй бол хамгийн бага санал авсан нэг нэр дэвшигчийг хасч, үлдсэн нэр дэвшигч буюу нэр дэвшигч нар дээр санал хураана. Санал хураалтыг тавиас дээш хувийн санал авсан нэг нэр дэвшигч үлдэх хүргэл давтан явуулна.

6.4  Намын дарга нь намын ерөнхий нарийн бичгийн, дэд дарга нарт нэг нэг гишүүнийг нэр дэвшүүлж, тус бүр дээр нь нууц санал хураана, тус бүрдээ тавиас дээш хувийн санал авбал тэдгээрийг сонгогдсонд тооцно.

6.5  Улс Төрийн Зөвлөлийн бусад гишүүнийг дор дурьдсан журмыг баримтална.

1.      Мандатын тоог тогтоож, нэр дэвшүүлж, нэр дэвшигч нарыг сугалаагаар жагсаан байрлуулж саналын хуудсанд бичнэ.

2.      Мандатын тоотой тэнцүү буюу түүнээс цөөн тооны нэр дэвшигчийн төлөө саналаа нууцаар өгнө, мандатын тооноос олон нэр дэвшигчийн төлөө санал өгсөн хуудсыг хүчингүйд тооцно.

3.      Авсан саналыг ихээс бага руу жагсаан бичнэ.

4.      Мандатын тоонд багтааж байгаа нэр дэвшигчийг сонгоно.

5.      Хамгийн сүүлчийн нэг буюу хэдэн мандат дээр тэнцүү тооны санал авсаннэр дэвшигч хоёр буюу түүнээс дээш байвал тэдгээр дээр дахин нууд санал хураана.

Зүйл 15. Улс Төрийн Зөвлөл ба Тамгын газар

1.      МСДН-ын Тамгын Газар нь намын дүрэм, намаас явуулж байгаа бодлогыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

2.      Тамгын газрыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга удирдана.

3.      Тамгын газрын бүтэц, төсвийг Улс төрийн зөвлөл батална.

4.      Тамгын газрын ажилтан нарын ажил үүргийн хуваарь буюу цалинг тогтоох, хүн ажилд томилох зэрэг асуудлыг ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.

5.      Ерөнхий нарийн бичгийн дарга Тамгын газрын ажлын тухай Улс төрийн зөвлөл хагас жил тутамд нэг удаа тайлагнана.

Зүйл 16. МСДН-ыг төлөөлөх

1.      МСДН-ын дарга болон баг, хороо, сум, дүүрэг, аймаг , нийслэлийн МСДН-ын дарга нар эрх мэдлийнхээ хүрээнд намаа төлөөлнө.

2.      МСДН-ын дарга нь бусадтай улс төрийн зөвлөлийн (бага хурлын) эрх мэдлийн хүрээний асуудлаар гэрээг дангаар (улс төрийн зөвлөлтэй зөвшилцөн) байгуулж болох ба тэр нь улс төрийн зөвлөлөөр (бага хурлаар) соёрхон баталснаар хүчин төгөлдөр болно.

3.      МСДН-ын дэд дарга нь намын даргын байхгүйд буюу намын даргын үүрэг болгосны дагуу түүнийг орлоно.

Зүйл 17. Төрийн сонгуульд нэр дэвшигч нарыг тодорхойлох

Бага хурал нь Ерөнхийлөгчийн буюу Улсын Их хурлын сонгуульд, бусад хурал нь зохих шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу засаг даргад МСДН-аас нэр дэвшигчдийг тус тус тодорхойлно.

1.      Аливаа шатны хурал үндэслэл бүхий шалтгаанаар энэхүү нэр дэвшигчийг тодорхойлох эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь харгалзах шатны зөвлөлдөө шилжүүлэх шийдвэр гагаж болно.

2.      Төрийн сонгуулийн дараа болж байгаа намын аливаа шатны хурал нь тухайн шатны сонгуульд нам хэрхэн хэлэлцсэн тухай дүнг хэлэлцэнэ.

Зүйл 18. МСДН-ын их, бага хурлын бүрэлдэхүүн

1.      Намын их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг дор дурдсан байдлаар бүрдүүлнэ.

1.1  Сум, хорооны намын хурлаас сонгогдсон төлөөлөгчид

1.2  Аймаг, дүүргийн намын дарга, дэд дарга.

1.3  Нийслэлийн намын зөвлөл болон Улс төрийн зөвлөлийн гишүүд

2.      Намын бага хурлын төлөөлөгчид бүрэлдэхүүнийг дор дурдсан байдлаар бүрдүүлнэ.

2.1  Аймаг, дүүргийн хурлаас сонгогдсон төлөөлөгч

2.2  Аймаг, дүүргийн намын дарга

2.3  Нийслэлийн намын зөвлөл болон улс төрийн зөвлөлийн гишүүд

Зүйл 19. Дүрмын заалтыг төсөөтэй хэрэглэх

Намын дотоодод хамаарах тодорхой харилцааг зохицуулах дүрмийн заалт байхгүй нөхцөлд дүрмийн төсөөтэй заалтыг, төсөөтэй заалт байхгүй нөхцөлд ардчилал шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэхийг зөвшөөрнө.

Шийдвэр гаргахдаа өмнө хэрэглэсэн зарчмыг ажил нөхцөл байдалд хожим ч мөн хэрэглэнэ.

Зүйл 20. Сонирхлын зөрчил

Хэлэлцэж байгаа асуудал нь намын байгууллагын тухайн албан тушаалтны хувьд сонирхлын зөрчил үүсэж байвал энэ тухай өөрөө мэдэгдэж, хурал удирдах, ил санал хураалтанд оролцох зэргээс татгалзаж болно.

Зүйл 21. Намын дотор жигүүр байгуулах

1.      Үйл ажиллагааны тодорхой чиглэл буюу тодорхой сонирхлын үүднээс намын чиг баримтлал, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа тогтмол явуулах зорилгоор гишүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн намын дотор жигүүр байгуулж болно.

2.      Жигүүр байгуулсан тухайгаа намын бага хурал дээр албан ёсоор мэдэгдэн төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй санал авсан бол жигүүрийг албан ёсоор байгуулсан гэж үзнэ.

3.      Жигүүрийн гишүүд буюу жигүүүр намаас тасран гарсан явдал нь түүнд намын нэр, архив болон бусад эд хөрөнгөөс хувь оногдуулан шалтгаан болохгүй.

Зүйл 22. Намын санхүү, архив болон бусад эд хөрөнгө

1.      Намын эд хөрөнгө хуулийн хүрээнд олж болох дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

1.1  Гишүүдийн татвар, дэмжигч байгууллага буюу хувь хүмүүсийн хандив.

1.2  Намын үйл ажиллагаанаас олсон орлого.

1.3  Хуулийн дагуу төрийн төсвөөс олгосон орлого.

1.4  Бусад орлого

1.5  Намын архив

2.      Намын эд хөрөнгийн зохих шатны намын албанд эзэмшин эрх мэдлийнхээ хүрээнд зориулалтын дагуу захиран зарцуулна.

3.      Дүрэм буюу харгалзах шатны зөвлөлөөс баталсан журамд тогтоосноос их хэмжээний эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөх буюу зарцуулах тухай шийдвэрийг зөвлөл гаргана.

Зүйл 23. Намын хэвлэл

МСДН-ын аль ч шатны зөвлөл буюу Тамгын газрын дэргэд намын хэвлэл, хэвлэлийн газар буюу үйлдвэртэй байж болно.

Зүйл 24. Намын архив

Намын архив нь намын Тамгын газруудын хамгаалалт, ерөнхий нарийн бичгийн даргын хяналтанд байна.

Зүйл 25. Намын бэлгэдэл, албан хуудас, тэмдэг

МСДН нь их хурлаараа баталсан туг, сүлд тэмдэгтэй байх ба мөн дуулалтай байж болно.

Намын бүх шатны байгуулага нэг загварын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамгатай байна.