МОНГОЛ АРДЫН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
МОНГОЛ АРДЫН НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРӨНХИЙ ЗАРЧИМ, ЗҮЙЛ
1 дүгээр зүйл. Монгол Ардын Намын зорилго, үйл ажиллагааны нийтлэг зарчим
1.1. Монгол Ардын Нам нь МАХН-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн.
1.2. Монгол Ардын Намын эрхэм зорилго нь эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгоход оршино.
Монгол Ардын Нам нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах сонгуульд ялалт байгуулах буюу олонхи болж бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
1.3. Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.
1.4. Монгол Ардын Намын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.
1.5. Нам үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтлан ажиллана:
1.5.1. Монгол Ардын Нам нь үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлах бөгөөд ил тод, нээлттэй байж, бодлого, шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаална.
1.5.2. Намын бүх шатны байгууллагын аливаа үйл ажиллагаанд гишүүдийн идэвхтэй оролцоог хангах;
1.5.3. Намын удирдах байгууллагыг сонгож байгуулах бөгөөд намын бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх,хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр үйл ажиллагааг ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулж, саналыг нууцаар хураах;
1.5.4. Намын бүх шатны байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонхи нь дэмжсэн шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлэх. Цөөнх үндэслэлтэй гэж үзвэл саналаа намын холбогдох дээд байгууллагад тавьж хариу авах;
1.5.5. Намын бүх шатны байгууллага улс төрийн аливаа шийдвэрийг энэ дүрэмд заасны дагуу албан ёсны хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба хурал нь олонхи ирснээр хүчинтэйд тооцогдох;
1.5.6. Намын сонгуульт байгууллага, сонгуультан үйл ажиллагааныхаа талаар тухайн шатны болон дээд шатны байгууллагад тайлагнах;
1.5.7. Намын ажлыг ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулах;
1.5.8. Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
Нэр дэвшүүлэх ажил болон санал хураалтыг энэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.
Намаас улс төрийн өндөр албан тушаалд санал болгохдоо үндэстний цөөнхийн төлөөллийг зохистой хэмжээнд харгалзан үзэх зарчмыг баримтална.
1.5.9. Намын бүх шатны байгууллага хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, тэмдэглэл хөтлөх бөгөөд энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол уул баримт бичигт хуралдаан даргалагч буюу тэргүүлэгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
1.5.10. Намын хүч чадал, оршин тогтнохын гол нөхцөл болсон намын эв нэгдлийг хамгаалах.
2 дугаар зүйл. Намын бэлгэдэл
2.1. Монгол Ардын Нам бэлгэдэл, далбаатай байна.
2.2. Монгол Ардын Намын бэлгэдэл нь гол төвдөө үндэсний тусгаар тогтнолын илэрхийлэл алтан соёмбыг хөх дэвсгэр дээр байрлуулсан, нийгмийн ардчиллын бэлгэдэл болсон таван хошуу хэлбэртэй, улаан өнгийн сарнай цэцэг байна.
2.3. Монгол Ардын Намын далбаа нь улаан, цагаан, хөх хосолсон өнгөтэй, урт, өргөн нь 2:1-ийн харьцаатай байна. Далбааны гуравны нэгийн хэмжээстэй эхний хэсэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл улаан, дунд хэсэг нь шударга ёс, эв нэгдэл, ариун нандины бэлгэдэл цагаан, төгсгөл хэсэг нь хөгжил дэвшил, төрт ёсны бэлгэдэл мөнх тэнгэрийн хөх өнгөтэй байна.
Далбааны төв хэсэг дэх цагаан дэвсгэрийн дунд Монгол Ардын Намын бэлгэдлийг байрлуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ
3 дугаар зүйл. Монгол Ардын Намд гишүүнээр элсэх
3.1. Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр),Үндсэн дүрмийг зөвшөөрч, үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн Монгол Ардын Намд гишүүнээр элсэж болно. Намын гишүүнээр элсэж байгаа иргэн нь Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), Үндсэн дүрмийг судалсан байвал зохино.
3.2. Намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага /НАШБ/ хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож, бүртгэнэ.Монгол Ардын Намд элсэх өргөдлийг бичгээр гаргана.
4 дүгээр зүйл. Монгол Ардын Намын гишүүний эрх, үүрэг
4.1. Гишүүн дор дурдсан эрх эдэлнэ:
4.1.1. Намын үзэл баримтлал, бодлого боловсруулах, хэлэлцэхэд болон намаас явуулж буй үйл ажиллагаанд оролцох;
4.1.2. Намын удирдах байгууллагад нэр дэвшүүлэх, өөрийн нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох;
4.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаас нэр дэвших хүмүүсийн талаар намын байгууллагад саналаа тавих;
4.1.4. Улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах;
4.1.5. Намын байгууллагаас өөрийнх нь тухай хэлэлцэхэд биечлэн оролцох;
4.1.6. Үзэл бодол, гишүүнчлэлийн хувьд намын өмгөөлөл, ивээлд багтах;
4.1.7. Намд туслах зорилгоор гишүүд бүлгэм, клубт нэгдэн ажиллаж болно;
4.1.8. Гишүүдийн төлсөн татвар, өргөсөн хандив, намын сан хөмрөгийн зарцуулалтын санхүүгийн тайланг сонсох.
4.2. Намын гишүүн дор дурдсан үүрэг хүлээнэ:
4.2.1. Намын дүрмийг чанд сахин биелүүлэх;
4.2.2. Гишүүн байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны байгууллагад харъяалагдан намын ажилд идэвхтэй оролцон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх;
4.2.3. Намын эгнээ, дэмжигчдийн хүрээг өргөтгөхөд тус дөхөм үзүүлэх;
4.2.4. Төрийн болон орон нутгийн аливаа сонгуульд Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), нэр дэвшигчийг сурталчлан дэмжих, намаас нэр дэвшигчтэй зэрэгцүүлэн бие даан нэрээ дэвшүүлэхгүй байх;
4.2.5. Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;
4.2.6. Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах;
4.2.7. Гишүүний татвар, хураамжийг тогтоосон хугацаанд тогтмол төлөх, хандив өргөх, намын хэвлэл захиалах зэргээр намын сан, хөмрөгийг арвижуулахад идэвхитэй оролцох;
4.2.8. Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;
4.2.9. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
4.2.10. Намын эрх ашиг, албан ёсны шийдвэрийн эсрэг улс төрийн аливаа үйл ажиллагаанд шууд, шууд бусаар оролцохгүй байх.
4.3. Монгол Ардын Намын гишүүн улс төрийн өөр намын гишүүн байхыг хориглоно.
4.4. Энэхүү дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:
4.4.1. Намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх;
4.4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах;
4.4.3. Намын хүний нөөцийн санд бүртгэх.
4.5 Энэхүү дүрмийн 4.4-т заасан хариуцлагыг тооцохдоо намын Удирдах Зөвлөл болон тухайн гишүүнийг хүний нөөцдөө бүртгэсэн намын байгууллагын тэргүүлэгчид нь намын хяналтын байгууллагын дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг тухайн гишүүнд өөрт нь болон анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
4.6. Намын бүх шатны байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдсон гишүүнийг сонгуульт гишүүн /сонгуультан/ гэнэ. Сонгуульт гишүүн намын дүрэм, холбогдох журамд заасан үүргээ ёсчлон биелүүлж, өөрийн ажлаа зохих байгууллага, албан тушаалтны өмнө хариуцна.
4.7. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа намын гишүүд, дэмжигчид намаа дэмжих зорилгоор намын Бага хурлаас баталсан журмын дагуу үүсгэл санаачлагын байгууллагыг ажиллуулж болно.
4.8. Энэ дүрмийн 4.7-д заасан байгууллагаас намын Их, Бага хуралд төлөөлөгч оролцуулж болох бөгөөд энэ тухай асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
4.9. Намын гишүүд, дэмжигчдэд намын шагнал олгох журмын дагуу дараахь шагнал, урамшуулалыг олгоно:
4.9.1.Төрийн шагнал, одон, медальд тодорхойлох;
4.9.2.Намын дээд шагнал, одон, медаль болон хүндэтгэлийн бичгээр шагнах;
4.9.3.Мөнгөн урамшуулал олгох;
4.9.4.Бусад төрлийн шагнал, урамшуулал.
5 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх
5.1. Намын гишүүн хууль тогтоомжид заасан тохиолдолд Монгол Ардын Намын гишүүнээс түдгэлзэх бөгөөд энэ тухайгаа НАШБ-д бичгээр мэдэгдэж бүртгүүлнэ.
5.2. Түдгэлзэх үндэслэл арилсан бол НАШБ-д хүсэлтээ гаргаж гишүүнчлэлээ сэргээнэ. Намаас түдгэлзсэн нь намын гишүүн байсан нийт хугацаанаас хасагдахгүй.
6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс гарах
6.1. Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно.
6.2. Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харъяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө.
6.3. Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно.
6.4. Намын гишүүн нас барсан бол түүний үр хүүхдийн хүсэлтээр намын бат илэрхийлэхийг дурсган хадгалуулж болно.
6.5. Монгол Ардын Намын гишүүнийг дараахь тохиолдолд намаас гарсанд тооцно:
6.5.1. Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн
6.5.2. Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;
6.5.3. Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан.
6.5.4. Намын албан ёсны шийдвэр буюу олонхийн саналаар шийдсэн асуудлыг хэрэгжүүлэхэд зориуд саад хийсэн болон уг шийдвэрийн эсрэг улс төрийн өөр нам, бусад этгээдийг шууд, шууд бус арга хэлбэрээр дэмжсэн.
6.6. Аймаг, нийслэлийн намын хяналтын хороо энэ дүрмийн 6.5-д заасан намын гишүүний зөрчлийг бусад этгээдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл болон өөрийн санаачлагаар хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ.
6.7. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.
6.8. Энэ дүрмийн 6.5-д заасан дутагдлаа иргэн арилсан гэж үзвэл Монгол Ардын Намд гишүүнээр дахин элсэх хүсэлтээ намын Хяналтын Ерөнхий Хороонд гаргаж болно.
7 дугаар зүйл. Монгол Ардын Намыг дэмжигч
7.1. Намын үйл ажиллагааг дэмжиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн иргэнийг намын анхан шатны үүр, хороо дэмжигчээр бүртгэнэ.
7.2. Дэмжигч өөрийн санал, санаачлагаар намын ажилд оролцоно.
7.3. Дэмжигч НАШБ-ын зөвшөөрснөөр бүх гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар саналаа илэрхийлж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА /НАШБ/
8 дугаар зүйл. НАШБ-ын бүтэц, түүнийг байгуулах
8.1. Намын анхан шатны удирдах дээд байгууллага нь нийслэлийн дүүрэгт Бага хурал, сум, баг, хороонд бүх гишүүдийн хурал байна. Сум, хорооны намын хороо нь намын хорооны гишүүдийн хуралтай байж болно.
8.2. НАШБ нь нийслэлд дүүргийн намын хороо, хорооны намын хороо, үүр; аймагт сумын намын хороо, үүр, багийн намын үүр байна. Шаардлагатай бол намын үүрт намын хэсэг байгуулна.
8.3. Намын гишүүдийн тоо, байршлыг харгалзан НАШБ-ыг аймаг, нийслэлийн намын хорооны тогтоолоор байгуулна. Сум, дүүргийн хороо нь харъяа нутаг дэвсгэрийн намын хороо, үүрийг удирдлагаар хангана.
8.4. УИХ-ын сонгуулийн үед үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулах зорилгоор намын анхан шатны хэд хэдэн байгууллага хамтран тойргийн намын байгууллага байгуулан ажиллуулж болно.
8.5. Дүүргийн намын хорооны болон сумын намын хорооны бүх гишүүдийн хурлаар дарга, дэд дарга, тэргүүлэгчдийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, харъяа хороо, үүрийн гишүүдийн хурлаар дарга, дэд дарга, тэргүүлэгчдийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоёр жилийн хугацаагаар тус тус сонгоно.
8.6. НАШБ-ын гишүүдийн хурал /зөвлөлгөөн, цуглаан, ярилцлага/-ыг улиралд нэгээс доошгүй, тайлангийн хурлыг жил тутам хийнэ.
8.7. НАШБ албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
8.8. Намын анхан шатны байгууллага үйл ажиллагаандаа намын эрх бүхий байгууллагаас баталсан стандартыг баримтлан ажиллана.
9 дүгээр зүйл. НАШБ-ын эрх, үүрэг
9.1. НАШБ нь бие даан, ил тод ажиллах бөгөөд дараахь эрх, үүрэгтэй байна:
9.1.1. Намын бодлого, шийдвэрийг сурталчилан хэрэгжүүлэх;
9.1.2. Гишүүд, дэмжигчдийн эгнээг өргөтгөж, тэдэнтэй ажиллах, намын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх;
9.1.3. Намын амьдрал, улс орны тулгамдсан асуудлаар гишүүддээ мэдээлэл өгөх;
9.1.4. Намын хэвлэл захиалах, хүргэх, түгээх ажлыг зохион байгуулах;
9.1.5. Төрийн болон орон нутгийн сонгуулийн үед намаас нэр дэвшигчдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
9.1.6. Намын удирдах дээд байгууллагаас гаргах баримт бичиг, шийдвэрийн төслийн талаар саналаа илэрхийлэх;
9.1.7. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх;
9.1.8. Намын удирдах дээд байгууллагад сонгогдох, түүнчлэн харьяалах
нутаг дэвсгэрт УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, ИТХ-ын болон Засаг даргад нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар саналаа илэрхийлэх;
9.1.9. Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэн, намын санхүүг
бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;
9.1.10. Гишүүдийнхээ нэр төрийг хамгаалах;
9.1.11. Намын нэрээр сонгогдож, томилогдсон гишүүдийнхээ ажил
байдлын тайлан, мэдээллийг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай бол намын хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах;
9.1.12. Энэ дүрмийн 14.3-т заасан зүйлийг харгалзан тухайн шатны ИТХ дахь намын бүлгийн ажиллах журмын талаар санал оруулах.
9.2. Сум, дүүргийн намын хороо, үүр нь сонгуулийн өмнө болон дараа “Эвсэл” байгуулах саналыг аймаг, нийслэлийн намын хороонд тавьж болно.
9.3. Сум, дүүргийн намын хороо холбогдох хөтөлбөр, удирдамжийн дагуу тогтмол хугацаанд сургалт, судалгааг байнга явуулж, намын бусад байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллана.
9.4.Намын Бага хурлаас баталсан журмын дагуу гишүүн, дэмжигчдийн сайн дурын үүсгэл санаачилга бүхий мэргэжил сонирхлын бүлэг, клуб, хамтлаг зэргийг НАШБ-ын эрх, үүрэгтэйгээр ажиллуулж болно.
10 дугаар зүйл. НАШБ-ын тэргүүлэгчдийн эрх, үүрэг
10.1. НАШБ-ын тэргүүлэгчид нь намын хорооны болон хороо, үүрийн бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт энэ дүрмийн 9.1.9-9.1.11, 9.1.13-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН НАМЫН БАЙГУУЛЛАГА
11 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн намын дээд байгууллага
11.1. Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт цагт аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна.
11.2. Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь НАШБ-аас сонгосон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
11.3. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов, төлөөлөгчийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална.
12 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн намын Бага хурлын эрх, үүрэг
12.1. Бага хурал нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1. Аймаг, нийслэлийн намын байгууллагуудын бодлого, зорилтыг
тодорхойлох;
12.1.2. Аймаг, нийслэлийн намын хорооны тайланг хэлэлцэх;
12.1.3. Аймаг, нийслэлийн намын хорооны санхүүгийн тайланг хэлэлцэх;
12.1.4. Аймаг, нийслэлийн намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэх;
12.1.5. Аймаг, нийслэлийн намын хорооны болон Хяналтын хорооны
бүрэлдэхүүнийг сонгох, тоог тогтоох;
12.1.6. Аймаг, нийслэлийн намын хорооны даргыг энэ дүрмийн 20.3.14-т заасан журмын дагуу сонгох.
13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн намын Бага хурлын хуралдаан
13.1. Аймаг, нийслэлийн намын Бага хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна.
13.2. Намын хорооны гишүүдийн олонхи нь, эсхүл намын анхан шатны үүр, хороодын гуравны нэгээс доошгүй нь шаардсан бол Бага хурлын ээлжит бус хуралдааныг зарлах бөгөөд чингэхдээ энэ дүрэмд заасан журмыг баримтална.
13.3. Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
13.4. Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.
14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн намын хороо, түүний эрх, үүрэг
14.1. Аймаг, нийслэлийн намын хороог аймаг, нийслэлийн намын Бага хурлаас дараагийн Бага хурал хүртэл хугацаагаар сонгох бөгөөд дараах эрх, үүрэгтэй байна:
14.1.1. Намын анхан шатны байгууллагыг удирдах, тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
14.1.2. Намын Үндсэн дүрэм, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл
(мөрийн хөтөлбөр), намын Их, Бага хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах;
14.1.3. Намын бодлого, шийдвэрийг гишүүдэд ил тод мэдээлж, сурталчлан
таниулах болон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг нь дүгнэж намын гишүүдэд мэдээлэх;
14.1.4.Намын хорооны дэд даргыг энэ дүрмийн 20.3.14-т заасан журмын дагуу сонгох;
14.1.5. Аймаг, нийслэлийн намын хорооны дарга, дэд даргыг оролцуулан
7-13 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийг сонгох;
14.1.6. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэгт
чиглэл өгөх;
14.1.7. Аймаг, нийслэлийн намын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг намын хүний нөөцийн нэгдсэн бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлж, намын сургалт, судалгааг тогтоосон журмын дагуу зохион явуулах;
14.1.8. Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-ын гишүүнд нэр
дэвшүүлэх хүмүүсийн талаар санал гаргах, нэр дэвшигчийн сонгуулийн ажлыг орон нутагт зохион байгуулах;
14.1.9. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн
ажлыг зохион байгуулах;
14.1.10. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх
асуудлыг намын Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх;
14.1.11. Орон нутгийн сонгуулийн үр дүнд “Эвсэл” байгуулж ажиллах
шаардлага гарвал энэ тухай намын Удирдах Зөвлөлтэй зөвшилцөн шийдвэр гаргах;
14.1.12. Намын гишүүдийн тоо, хүний нөөцийг бүрдүүлэн нэгдсэн бүртгэл хөтлөх;
14.1.13. Намын санхүүжилтийг хариуцан зохион байгуулах;
14.1.14. Намын байгууллагын архив, албан хэрэг хөтлөх ажлыг зохих
хууль тогтоомж, дүрэм, зааврын дагуу зохион байгуулах;
14.1.15. Намын хорооны хурлыг жилд хоёроос доошгүй удаа хуралдуулах.
14.1.16. Жил бүр аймаг, нийслэлийн хэмжээний нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон иргэдийн ахуй амьдралын тулгамдсан асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг хийж, санал, дүгнэлт гаргах;
14.1.17. Хүний эрх, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол зэрэг чиглэлээр иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл болон хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй харилцан ажиллах буюу хамтран тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байх;
14.1.18. Энэ дүрмийн 9.1.13-т заасан эрх, үүрэг;
14.1.19. Аймаг, нийслэлийн намын хороод нь энэ дүрмийн 40, 41 дүгээр зүйлийг харгалзан тухайн шатны ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн ажиллах журмын талаар санал оруулах.
14.2. Аймаг, нийслэлийн намын хорооны хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан хуралдааныг өргөтгөн хийж болно. Намын хорооны тэргүүлэгчид аймаг, нийслэлийн намын хорооны хуралдаанд урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.
14.3. Аймаг, нийслэлийн намын хороо Бага хурлын чөлөөт цагт орон гарсан гишүүнээ нөхөн сонгоно.
14.4. Аймаг, нийслэлийн болон дүүргийн намын хорооны гишүүнээс дараах тохиолдолд тухайн шатны намын Хяналтын хорооны дүгнэлт гарч, аймаг, нийслэлийн болон дүүргийн намын хорооны хуралд оруулан танилцуулснаар аймаг, нийслэлийн болон дүүргийн намын хорооны гишүүнээс чөлөөлсөн шийдвэр гарсанд тооцно:
14.4.1. Аймаг, нийслэлийн болон дүүргийн намын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа оролцоогүй бол;
14.4.2. Намын гишүүний татвар болон сонгуульт гишүүний хураамжаа холбогдох журмын дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарахаас бусад тохиолдолд дөрвөн улирал төлөөгүй бол;
14.4.3. Намаас албан ёсны шийдвэр гарган хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй буюу үл биелүүлсэн бол.
15 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид, дарга
15.1. Аймаг, нийслэлийн намын хороонд гүйцэтгэх байгууллага нь тэргүүлэгчид байна.
15.2. Аймаг, нийслэлийн намын хорооны хурлын чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид энэ дүрмийн 14.1.1-14.1.3; 14.1.6; 14.1.10-14.1.14-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлж үр дүнг намын хорооны хуралд тайлагнана. Тэргүүлэгчид намын хорооны жилийн төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлана.
15.3. Тэргүүлэгчид бүрэлдэхүүнийхээ олонхийн ирцтэйгээр асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар тогтоол гаргах бөгөөд хуралдааныг аймаг, нийслэлийн намын хорооны дарга, түүний эзгүйд дэд дарга удирдаж, шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулна.
15.4. Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор намын хорооны дарга, дэд дарга, ажлын албаны улс төрийн болон санхүүгийн ажилтнуудаас оролцуулан аймаг, нийслэлийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын Зөвлөлгөөнийг байгуулж болно. Зөвлөлгөөн нь намын хорооны өдөр тутмын үйл ажиллагаа, намын хорооны аж ахуй санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт, өргөдөлд хариу өгөх ажлыг зохион байгуулна. Зөвлөлгөөний тэмдэглэл хөтөлж, тогтоол гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА
16 дугаар зүйл. Намын дээд байгууллагын тогтолцоо
16.1. Монгол Ардын Намд удирдах дээд байгууллага нь Намын Их Хурал, төлөөллийн төв байгууллага нь Монгол Ардын Намын Бага хурал байна.
17 дугаар зүйл. Намын Их хурал, түүний бүрэн эрх
17.1. Ээлжит Их хурлыг дөрвөн жилд нэгээс хоёр удаа хуралдуулна.
17.2. Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана.
17.3. Намын Их хурал хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно.
17.4. Намын Их хурал намын бодлогын ямар ч асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
17.4.1. Намын Үндсэн дүрэм, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр) тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах,
17.4.2. Намын Бага хурал, Хяналтын Ерөнхий Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх;
17.4.3. Монгол Ардын Намын даргыг сонгох, намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.
18 дугаар зүйл. Намын Их хурлын хуралдаан
18.1. Намын Их хуралд сонгогдсон нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол Их хурлыг хүчинтэйд тооцно.
18.2. Намын Их хурлыг түүнээс сонгогдсон тэргүүлэгчид удирдана.
19 дүгээр зүйл. Намын ээлжит бус Их хурал
19.1. Намын Бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсхүл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна.
19.2. Монгол Ардын Намын дарга намын ээлжит бус Их хурлыг хуралдуулах саналыг Бага хуралд оруулах эрхтэй бөгөөд Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл ээлжит бус Их хурал хуралдуулах шийдвэр гаргана.
19.3. Энэ дүрмийн 19.2-т зааснаар намын ээлжит бус Их хурлыг хуралдуулахад 17.3-т заасан журмыг баримтална
19.4. Намын ээлжит бус Их хурал нь энэ дүрмийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж, хуралдааныг 18 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулна.
20 дугаар зүйл. Намын Бага хурал, түүний эрх, үүрэг
20.1. Намын Их хурал Бага хурлыг 310 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулна.Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их хурал, засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны саналыг харгалзан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана.
20.2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэл, дүүргийннамын хорооны дарга, орон тооны дэд дарга өөрчлөгдвөл түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, оронд нь сонгогдож, томилогдсон гишүүнийг намын Бага хурлын гишүүнд нэр дэвшүүлж энэ дүрэмд заасан журмын дагуу сонгоно.
20.3. Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй байна:
20.3.1. Намын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг
тодорхойлох;
20.3.2. УИХ-ын сонгуульд оролцох намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг
хэлэлцэж батлах, Монгол Ардын Намаас УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх;
20.3.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд
“Эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
20.3.4. УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах
шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах;
20.3.5. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;
20.3.6. Намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг
хэлэлцэж, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
20.3.7. Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага
хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;
20.3.8. намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга,
Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох;
20.3.9 Намын Их хурлын чөлөөт цагт намын Бага хурлын бүрэлдэхүүнд
орон гарвал нөхөн сонгох:
20.3.10. Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг
сонгох сонгуулийн журмыг тогтоох;
20.3.11. Жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс
төрийн амьдралын тулгамдсан асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг хийж, бодлогын шийдэл бүхий санал, дүгнэлт гаргах;
20.3.12. Намын шагнал бий болгох, түүнийг олгох журам,батлах.
20.3.13. Намын Их хурлын чөлөөт цагт дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.Энэхүү өөрчлөлт нь намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой болон намын дотоод ардчилал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлсөн, гишүүдийн эрх тэгш байдлыг алдагдуулсан, эрхийг хязгаарласан байхыг хориглоно. Энэ заалт хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан түүнд нийцүүлэн намын Бага хурал намын бүтэц, зохион байгуулалттай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг намын дүрэмд оруулах тохиолдолд хамаарахгүй;
20.3.14. Намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах;
20.3.15. Бага хурлын хуралдааны дэгийн тухай журмыг тогтоох.
20.4. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн
дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө.
20.5. Жигүүр нь намын нэгдэл, зохион байгуулалтад хохирол учруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу өөрөө хүсэлт гаргавал Монгол Ардын Намын Бага хурлаас татан буулгана.
21 дүгээр зүйл. Бага хурлын хуралдаан
21.1. Намын Бага хурлын ээлжит хуралдааныг жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна.
21.2. Намын Бага хурлын хуралдааныг Монгол Ардын Намын дарга, намын Удирдах Зөвлөлийн санаачлагаар, эсхүл намын Бага хурлын гишүүдийн гуравны нэг шаардсанаар зарлан хуралдуулж болно.
21.3. Намын Бага хуралд намын гишүүдийг урилгаар оролцуулан Бага хурлын хуралдааныг өргөтгөн хийж болно. Удирдах Зөвлөл намын Бага хурлын хуралдаанд урилгаар оролцох гишүүдийн тоог тогтооно.
21.4. Намын Бага хурлын хуралдааныг түүнээс сонгогдсон дарга, орлогч дарга удирдана.
21.5. Нийт гишүүдийн гуравны хоёроос илүү нь оролцож байгаа бол намын Бага хурлыг хүчинтэйд тооцно.
22 дугаар зүйл. Намын Бага хурлын гишүүний эрх, үүрэг
22.1. Намын Бага хурлын гишүүн намын гишүүний үндсэн эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй;
22.1.1 Намын Их хурал, Бага хурлаас батлан гаргасан намын бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд биечлэн оролцох;
22.1.2. НАШБ-д намын ажлын зохион байгуулалтын туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
22.1.3. Бага хурлын хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж таслах эрхтэй оролцох, Бага хурлын хуралдааны дэгийг чанд сахих;
22.1.4. Намын залуу гишүүдийг намын ажилд сургаж, бэлтгэх;
22.1.5. Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн сонгуулийн ажилд биечлэн оролцож, ажлын тайланг намын сонгуулийн Төв байгууллагад хүргүүлэх;
22.1.6. Намын сонгуульт гишүүний хувьд энэ дүрмийн 46.3-т заасан хураамжийг тогтоосон хугацаанд бүрэн өгөх;
22.1.7. Харъяалагдах аймаг, нийслэл, дүүргийн намын хороонд жил бүр Бага хурлын гишүүний хувьд ажлаа тайлагнах бөгөөд энэхүү тайлангаа дараа оны эхний улиралд багтаан намын Удирдах Зөвлөлийн ажлын албанд ирүүлж байх;
22.1.8. Намын дүрмийн заалт болон хууль зөрчсөн хэрэгт холбогдсон буюу эсхүл хэвлэл мэдээллээр тухайлан шүүмжлэгдэн намын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж, уг асуудлаар Хяналтын ерөнхий хорооноос тайлбар хүссэн тохиолдолд Бага хурлын гишүүний хувьд намын Хяналтын ерөнхий хороонд хариуг шуурхай өгч байх;
22.1.9. Удирдах Зөвлөлөөс хариуцуулан даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэх.
22.2. Намын Бага хурлын гишүүнээс дараах тохиолдолд намын Хяналтын ерөнхий хорооны дүгнэлт гарч, намын Бага хуралд оруулан танилцуулснаар Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр гарсанд тооцно:
22.2.1. Бага хурлын хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр ба түүнээс дээш удаа оролцоогүй бол;
22.2.2. Намын гишүүний татвар болон сонгуульт /Бага хурлын/ гишүүний хураамжаа дөрвөн улирал төлөөгүй бол;
22.2.3. Намаас албан ёсны шийдвэр гарган хариуцуулан өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй буюу үл биелүүлсэн бол;
22.2.4. Аймаг, нийслэлийн намын хорооноос энэ дүрмийн 22.1.7-д заасны дагуу тухайн Бага хурлын гишүүний ажлын тайланг авч хэлэлцээд хангалтгүй гэж үзэн Бага хурлын гишүүнээс эгүүлэн татах саналыг гаргасан бол.
23 дугаар зүйл. Монгол Ардын Намын Бодлогын хороо
23.1..Намын Удирдах Зөвлөлийн дэргэд Үндэсний хөгжил; боловсрол, соёл, залуучууд, гэр бүл, эрүүл мэнд; нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт; байгаль орчин, хөдөөгийн хөгжил; авлигын эсрэг хуулийн засаглалын зэрэг асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий Бодлогын хороод ажиллана.
23.2. Бодлогын хороо өөрийн эрхлэх асуудлыг тогтмол судалж, санал боловсруулж намын Удирдах Зөвлөлд оруулна.
23.3. Бодлогын хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, ажиллах журмыг намын Удирдах Зөвлөл батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА
24 дүгээр зүйл. Монгол Ардын Намын дарга, түүний бүрэн эрх
24.1. Монгол Ардын Нам даргатай байна. Монгол Ардын Намын дарга нь намын тэргүүн мөн.
24.2. Монгол Ардын Намын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сонгох бөгөөд намын дарга дараах бүрэн эрхтэй байна:
24.2.1. Намын ардчилал, эв нэгдлийг хангах;
24.2.2. Намыг дотоод, гадаадад төлөөлөх;
24.2.3. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулах;
24.2.4. Намын Үндсэн дүрэм, намын хичээн эрмэлзэх зүйл /мөрийн хөтөлбөр/ Намын Их хурлын шийдвэрийгхэрэгжүүлэх, намын хүний нөөцийн бодлоготой холбогдсон асуудлаар Удирдах Зөвлөлд санал оруулна;
24.2.5. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон бол намын Удирдах Зөвлөлийн хуралдааныг Намын дарга удирдах.
24.3. УИХ-ын сонгуульд Нам олонхи болсон бол Намын дарга Ерөнхий сайд байна.
24.4. Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах үүднээс улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх байнгын бус Зөвлөхүүдийн танхим ажиллана. Танхимын бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар намаас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд байна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ АРДЫН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА
25 дугаар зүйл. Намын гүйцэтгэх төв байгууллага
25.1. Монгол Ардын Намд гүйцэтгэх төв байгууллага нь Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл байна.
26 дугаар зүйл. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл
26.1. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн даргыг оролцуулан
21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Бага хурлаас намын Их хурлын бүрэн эрхийн хугацаагаар сонгоно.
26.2. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын болон Засгийн газрын гишүүд гуравны хоёроос илүүгүй байна.
26.3. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга толгойлно.
26.4. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл ажлаа намын Бага хуралд тайлагнана.
27 дугаар зүйл. Удирдах Зөвлөлийн эрх, үүрэг
27.1. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
27.1.1. Намын Их, Бага хурлын шийдвэрийн биелэлтийг хангаж, намын өдөр тутмын ажлыг удирдах;
27.1.2. Намын Бодлогын хорооноос гаргасан саналыг үндэслэн
бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах;
27.1.3. Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл
байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
27.1.4. Намын гадаад харилцааг эрхлэх, гадаад орны улс төрийн намтай
харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
27.1.5.Намын санхүү, аж ахуйг эрхэлж, энэ асуудлыг хариуцсан
байгууллага, албан тушаалтны ажилд хяналт тавих, жилийн төсөв батлах;
27.1.6. Намын аж ахуй, санхүүгийн байдлын талаар намын Их, Бага хуралд тайлагнахын хамт Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороонд тухай бүр мэдээлж байх;
27.1.7. Намын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг байгуулах;
27.1.8. Намын Нарийн бичгийн дарга нарын ажил үүргийн хуваарийг батлах;
27.1.9. Намын төв хэвлэл “Монголын үнэн” сонин болон эрдэм шинжилгээ,
сургалт, судалгааны байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх;
27.1.10. Хяналтын Ерөнхий Хорооны дүгнэлтийг үндэслэн аймаг,
нийслэлийн намын хорооны даргыг огцруулах эсэх тухай шийдвэрийг гарган аймаг, нийслэлийн намын хороонд хүргүүлэх;
27.1.11. Намын сахилга, ёс зүйн байдлын талаар намын Хяналтын
Ерөнхий Хорооны мэдээллийг хагас жил тутам сонсон намын холбогдох байгууллага, албан тушаалтанд зохих үүрэг даалгавар өгөх;
27.1.12. Удирдах Зөвлөлийн хуралдааны дэгийн тухай журмыг
тогтоох;
27.1.13. Намын Бага хурлаас шилжүүлсэн буюу даалгасан бусад эрх,
үүрэг.
27.2. Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн нь Ерөнхий нарийн
бичгийн дарга, Нарийн бичгийн дарга нараас бүрдэх бөгөөд Намын Удирдах Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааг зохицуулах, аж ахуй, санхүүгийн холбогдолтой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй.
28 дугаар зүйл. Удирдах Зөвлөлийн хуралдаан
28.1.Удирдах Зөвлөлийн хуралдааныг Намын дарга, эсхүл Ерөнхий
нарийн бичгийн дарга зарлан хуралдуулна;
28.2. Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхи нь шаардсан бол намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга зарлан хуралдуулах үүрэгтэй.
28.3. Намын Удирдах Зөвлөлийн хуралдааныг Намын дарга
удирдахаас бусад үед хуралдааныг Ерөнхий нарийн бичгийн дарга, түр эзгүйд нь түүний даалгаснаар аль нэг Нарийн бичгийн дарга удирдана.
28.4. Удирдах Зөвлөлийн хуралдаанд гишүүдийн олонхи нь оролцсон бол хүчинтэйд тооцно.
28.5. Удирдах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
28.6. Удирдах Зөвлөлийн тогтоолд гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.
28.7. Шаардлагатай тохиолдолд Удирдах Зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж болно.
29 дүгээр зүйл. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
29.1. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
29.1.1. Удирдах Зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, гарсан
шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
29.1.2. Удирдах Зөвлөлийн ажлын албыг толгойлж, өдөр тутмынх нь ажлыг
удирдах;
29.1.3. Намын санхүү, аж ахуйг эрхлэн хөтлөх, батлагдсан төсвийг захиран
зарцуулах;
29.1.4. Намын архив, албан хэрэг хөтлөлтийг зохих хууль тогтоомж, дүрэм,
зааврын дагуу зохион байгуулах;
29.1.5. Монгол Ардын Намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар албан
үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг шинээр сонгох хүртэл бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх;
29.1.6. Намын гишүүд, иргэдээс намын үйл ажиллагаатай
холбогдуулан гаргасан санал хүсэлт бүхий өргөдөл, гомдолд хариу өгөх ажлыг зохион байгуулах;
29.1.7. Намын даргаас өгсөн үүргийг биелүүлэх.
29.2. Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.
30 дугаар зүйл.Удирдах Зөвлөлийн ажлын алба
30.1 Удирдах Зөвлөл ажлын албатай байна.
30.2. Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг
Удирдах Зөвлөл батална.
Удирдах Зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлага, ажилтныг томилохдоо сонгон шалгаруулах зарчмыг баримтална.
30.3. Удирдах Зөвлөлийн ажлын алба УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн үйл ажиллагаанд эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
НАМЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА
31 дүгээр зүйл. Намын Төв хэвлэл
31.1. Намын Төв хэвлэл нь “Монголын үнэн” сонин мөн.
31.2. Намын Төв хэвлэл нь намын гишүүдийн үзэл бодлыг илэрхийлж, нээлттэй, бие даасан үйл ажиллагаа явуулна.
31.3. Намын Төв хэвлэлийн эрхлэгч нь сонины үйл ажиллагаа, гишүүдээс намын ажлын тухай ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэлийн талаар намын Удирдах зөвлөлд мэдээлнэ.
31.4. Орон нутгийн намын байгууллага хэвлэлтэй байж болно.
31.5. Намын сонгуульт гишүүн бүр намын хэвлэл захиалах
үүрэгтэй бөгөөд намын Бага хурлын гишүүний хураамж, хандиваас намын хэвлэлийг бэлтгэх ажлыг санхүүжүүлэн намын гишүүн бүхий айл өрх бүрт улирал тутмын тусгай дугаарыг үнэ төлбөргүй хүргэх, намын мэдээллийн нэгдсэн үйлчилгээг намын Удирдах Зөвлөл, аймаг, нийслэлийн намын хороод хамтран хариуцаж, намын анхан шатны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.
31.6. Намын бүх шатны байгууллага мэдээллийн технологийг
бүтээлчээр ашиглан цахим болон бусад суваг, хэрэгслээр мэдээллийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулна. Нам зохион байгуулалт, үйл ажиллагаандаа мэдээллийн нэгдмэл шуурхай удирдлагатай байх тусгай зарчмыг баримтлан ажиллана.
32 дугаар зүйл. Намын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллага.
32.1. Нам хараат бус, бие даасан эрдэм шинжилгээ, сургалт,
судалгааны байгууллагын бүтэц, байгууллагатай байна.
З2.2. Намын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг намын Удирдах Зөвлөл батална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
НАМЫН ХЯНАЛТ
33 дугаар зүйл. Намын хяналтын байгууллага, түүний бүрэлдэхүүн
33.1. Намын дотоод хяналт нь хараат бус бие даасан байна.
33.2. Монгол Ардын Намын дотоод хяналтыг Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо, аймаг нийслэл, дүүргийн Хяналтын хороо тус тус хэрэгжүүлэх ба НАШБ-д Хяналтын хэсэг байгуулна.
33.3.Хяналтын Ерөнхий хороог намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх, аймаг, нийслэлийн Хяналтын хороог тэдгээрийн Бага хурлаас 9-11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Бага хүртэлх хугацаагаар, НАШБ-ын бүх гишүүдийн хурлаас Хяналтын хэсгийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр тайлангийн хугацаагаар тус тус сонгоно. Дүүргийн намын Бага хурлаас 7-9 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын хороо байгуулна.
Хяналтын байгууллагын гишүүнээр сонгогдох намын гишүүн нь намд гишүүнээр элсээд таваас доошгүй жил болсон; гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд холбогдон ял шийтгэл хүлээж байгаагүй; ашиг сонирхлын зөрчилгүй; гучин нас хүрсэн; намын дүрмийг хэрэглэх мэдлэг чадвар сайтай намын гишүүн байх шаардлагыг хангасан байвал зохино.
33.4. Хяналтын Ерөнхий Хорооны болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга, дэд даргыг гишүүд дотроосоо сонгоно.
Хяналтын Ерөнхий Хорооны дарга болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга нар бүтэн орон тоогоор ажиллана. Хяналтын Ерөнхий Хорооны дарга намын Бага хурал, Удирдах Зөвлөлийн хуралдаанд; аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороодын дарга аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны хуралдаанд тус тус зөвлөх эрхтэй оролцоно.
33.5. Намын Их хурал, аймаг, нийслэлийн намын Бага хурлын чөлөөт цагт Хяналтын Ерөнхий Хорооны гишүүн орон гарвал Хяналтын Ерөнхий Хороо намын даргатай зөвшилцөн, аймаг, нийслэлийн хяналтын хороо Хяналтын Ерөнхий Хороотой, дүүргийн хяналтын хороо нийслэлийн хяналтын хороотой тус тус зөвшилцөн нөхөн сонгоно.
33.6. Намын хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцлийг тухайн шатны байгууллага хариуцан ажиллана. Хяналтын Ерөнхий Хороо болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороо жилийн төсвөө боловсруулан батлаж, намын Удирдах Зөвлөл болон тухайн шатны намын хорооны төсөвт тусгана.
33.7. Намын Хяналтын Ерөнхий Хороо, Аймаг, нийслэл, дүүргийн хяналтын хороо нь тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож,томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд хяналт тавина.
34 дүгээр зүйл. Намын хяналтын байгууллагын эрх, үүрэг
34.1. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо дараах эрх, үүрэгтэй
байна:
34.1.1. Намын дүрмийн биелэлтэд хяналт тавих;
34.1.2. Намын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
34.1.3. Намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих;
34.1.4. Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
34.1.5. Нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, Монгол Ардын
Намын нэр хүндийг гутаан доромжлох зорилгоор тараасан мэдэгдэл, мэдээлэлд намын хэвлэл мэдээллийн албатай хамтран тухай бүр хариу өгөх;
34.1.6. Намаас хасагдсан гишүүний гомдлыг хянаж шийдвэрлэх;
34.1.7. Намын сонгуульт болон төрийн улс төрийн албан тушаалд
сонгогдох, томилогдох гишүүн, түүнчлэн намын Их, Бага хурлын хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн талаар намын зохих шатны байгууллагад санал дүгнэлт оруулах;
34.1.8. Авлига, Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён
гэгээрүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус холбогдох байгууллагатай хамтран ажиллах,намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах;
34.1.9. Аймаг, нийслэлийн Хяналтын хороог арга зүйн удирдлагаар хангах;
34.1.10. Энэ дүрмийн 34.1.1, 34.1.2, 34.1,4-т заасан асуудлаар жил бүр
намын Бага хуралд мэдээлэл хийх;
34.1.11. Хяналтын Ерөнхий Хорооны шалгалтаар аймаг, нийслэлийн
намын хорооны үйл ажиллагаанд ноцтой зөрчил гарсан болон хангалтгүй ажиллаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд намын Удирдах зөвлөлөөс баталсан намын байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний шалгуур үзүүлэлт тогтоох, хариуцлага тооцох журмын дагуу холбогдох удирдах албан тушаалтныг огцруулах хүртэл арга
хэмжээ авах саналыг намын Ерөнхий нарийн бичгийн даргад гаргах;
34.1.12. Намын хүний нөөцийн бодлого, журмын хэрэгжилтэд,
намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож, томилогдсон албан тушаалтны ёс зүйн байдалд тус тус хяналт тавих.
34.2. Аймаг, нийслэлийн Хяналтын хороо нь энэ дүрмийн 34.1-д заасан
эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Энэ дүрмийн 34.1.9, 34.1.12 үүнд үл хамаарна.
34.3. НАШБ-ын дэргэдэх Хяналтын хэсэг энэ зүйлийн 34.1.9, 34.1.11,
34.1.12-д зааснаас бусад эрхийг хэрэгжүүлнэ.
34.4. Намын хяналтын байгууллага нь тухайн шатны намын болон доод шатны хяналтын байгууллага, сонгуульт албан тушаалтны гаргасан дүрмийн хэм хэмжээг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно.
35 дугаар зүйл. Хяналтын хорооны хуралдаан
35.1. Хяналтын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
35.2. Хяналтын хорооны хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж удирдана.
35.3. Хорооны гишүүдийн олонхи нь оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
35.4. Хэлэлцэж буй асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
35.5. Хорооны хурлын тогтоолд хуралдаанд оролцсон гишүүд, тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.
АРАВДУГААР БҮЛЭГ
НАМААС СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛАХ
36 дугаар зүйл. Намаас УИХ-ын болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих нийтлэг шаардлага
36.1. УИХ-ын болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших гишүүн нь “Монгол Ардын Намаас төр, улс төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдох, томилогдох гишүүний ёс зүйн хэм хэмжээ”-г зөрчөөгүй байна.
36.2. Намаас сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур болон бусад асуудлыг Бага хурлаас баталсан журмыг баримтлан шийдвэрлэнэ.
36.3. УИХ-ын болон бүх шатны ИТХ-ын ээлжит сонгуулийн өмнөх
жилийн 10 дугаар сарын 1-нээс өмнө тухайн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй намын гишүүн УИХ-ын сонгуулийн тухайд Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанд; бүх шатны ИТХ-ын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн намын хороо, намын анхан шатны байгууллагад энэ талаарх мэдүүлгээ тус тус ирүүлсэн байна.
37 дугаар зүйл. УИХ-ын болон бүх шатны ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх
37.1. НАШБ нь УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гишүүд, дэмжигчдийг намын Бага хурлаас баталсан журмын дагуу явуулах намын гишүүд болон гишүүн бус иргэдийн өргөн оролцоотой чөлөөт, ардчилсан, шударга өрсөлдөөнт хэлэлцүүлгийн үндсэн дээр тодруулна.
37.2. Энэ дүрмийн 37.1-д заасан хэлэлцүүлгээр тодорсон хоёр хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзсэн мандатын тоотой тэнцүү гишүүд, дэмжигчдийн талаар намын Бага хурал хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах бөгөөд нэр дэвшигчдийг сонгуулийн холбогдох байгууллагад бүртгүүлэх ажлыг Удирдах зөвлөл зохион байгуулна.
38 дугаар зүйл. Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх
38.1. Сум, дүүрэг, хорооны ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг сум, дүүрэг, хорооны намын хороо, үүрийн хурлаар хэлэлцэн нууц санал хураалтаар шийдвэрлэж сонгуулийн холбогдох байгууллагад хүргүүлнэ.
39 дүгээр зүйл. Сонгуулийн дүнгээр хариуцлага хүлээх
39.1. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам дангаар болон
эвсэн Засгийн газрыг эмхлэн байгуулах боломжгүй болсон тохиолдолд намын дарга огцрох хүсэлтээ Намын Их хуралд тавина.
Шинээр намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийг сонгох хүртэл намын дүрмээр хүлээсэн эрх, үүргээ өмнөх намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл хэрэгжүүлнэ. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөл ийнхүү огцорсон нь сонгуульт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн Удирдах Зөвлөлийн гишүүн намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд саад болохгүй.
39.2. Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам цөөнх болж, тухайн шатны Засаг даргаа томилуулах боломжгүй болсон бол аймаг, нийслэлийн намын дарга огцрох хүсэлтээ аймаг,нийслэлийн Бага хуралд; сум, дүүргийн намын хорооны дарга сум, дүүргийн намын хорооны хуралд тус тус тавина.
Шинээр намын дарга, дэд дарга, тэргүүлэгчдийг сонгох хүртэл намын дүрмээр хүлээсэн эрх, үүргээ өмнөх намын дарга, дэд дарга, тэргүүлэгчид хэрэгжүүлнэ. Намын дарга, дэд дарга, тэргүүлэгчид ийнхүү огцорсон нь сонгуульт үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн тэргүүлэгч гишүүн намын удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэхэд саад болохгүй.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ
40 дүгээр зүйл. Намын бүлгийг байгуулах
40.1. УИХ-д сонгогдсон өөрийн гишүүдээр Монгол Ардын Намын бүлгийг байгуулна.
40.2. Бүлэг өөрийнхөө дотроос бүлгийн даргыг сонгоно.
40.3. Бүлэг асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
40.4. Бүлэг нь хууль тогтоомж, Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл (мөрийн хөтөлбөр), дүрмийн хүрээнд бие даан ажиллана.
40.5. Монгол Ардын Намын Удирдах байгууллага намын бодлогын асуудлаар бүлэгт чиглэл өгч, санал солилцож болно.
40.6. Бүлэгт УИХ-ын бусад гишүүд нэгдэн ажиллаж болно.
41 дүгээр зүйл. Намын бүлгийн эрх, үүрэг
41.1. УИХ-аас гаргах хууль, шийдвэрт намын бодлогыг тусгаж, тэдгээртэй холбогдсон асуудлаар намын байр суурийг илэрхийлнэ.
41.2. Намын бодлого боловсруулахад бүлгийн гишүүдийг идэвхитэй оролцуулна.
41.3 УИХ дахь гишүүдийнхээ үйл ажиллагаа, сахилга, ёс зүйд тодорхойлолт гаргаж Удирдах Зөвлөл, Хяналтын Ерөнхий хороонд өгнө.
41.4 Үйл ажиллагааныхаа талаар Монгол Ардын Намын Бага хурал, Удирдах Зөвлөлд мэдээлнэ.
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ АРДЫН НАМ БА БУСАД БАЙГУУЛЛАГА
42 дугаар зүйл. Монгол Ардын Намын дэргэдэх болон дэмжигч байгууллага
42.1. Монгол Ардын Намын дэргэд намын эрхэм зорилго, хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ татан оролцуулж дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр Ахмадын холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо болон намын дэргэдэх Сан үйл ажиллагаагаа хууль болон тус тусын дүрмийн хүрээнд явуулна.
42.2. Намын гишүүд, дэмжигчид Монгол Ардын Намыг дэмжигч байгууллагыг байгуулж болно.
42.3. Намын дэргэдэх болон дэмжигч олон нийтийн байгууллага өөрийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хариуцлагыг бүрэн хүлээнэ.
42.4. Монгол Ардын Нам үндэсний эрх ашгийн үүднээс үйлдвэрчин болон иргэний нийгмийн бусад байгууллагатай хүний эрх, ногоон хөгжил, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол, биеийн тамир спортын чиглэлээр түншлэлийн зарчмаар идэвхтэй хамтран ажиллана. Нам дэргэдэх Сангийн шугамаараа нийгмийн чанартай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, судалгааны ажил явуулахыг дэмжих бөгөөд энэ зорилгоор гэрээний үндсэн дээр намын дэргэдэх болон иргэний нийгмийн бусад байгууллагуудад зарим ажил үүргийг шилжүүлэн гүйцэтгүүлэх буюу эсхүл хамтран зохион байгуулж болно.
42.5. Улс төрийн бусад нам, эвсэл, холбоо, хөдөлгөөнтэй харилцахдаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хамтран ажиллаж болно.
42.6 Намын дэргэдэх төрийн бус байгууллагын салбар нэгжийн дарга нь тухайн шатны намын байгууллагын тэргүүлэгч гишүүн байж болно.
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
НАМЫН ӨМЧ ХӨРӨНГӨ
43 дугаар зүйл. Намын хөрөнгийн бүрдэлт, зарцуулалт
43.1. Монгол Ардын Намын хөрөнгө нь гишүүдийн татвар, хураамж, байгууллага, хүмүүсээс өргөсөн хандив, төрөөс олгосон санхүүгийн дэмжлэг, гэрээслэсэн зүйл, намын бэлгэдэл бүхий бэлэг дурсгалын зүйлс, намын өмчлөлд байгаа барилга байгууламж, эд юмс, намын хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны болон хуульд заасан бусад орлогоос бүрдэнэ.
43.2. Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.
43.3. Намын бүх шатны байгууллага, хөрөнгийн зарцуулалтын талаар жил бүр гишүүдэд мэдээлж байна.
43.4. Намын Удирдах Зөвлөлийн дэргэд намын санхүүжилтийг бүрдүүлэх,зохион байгуулах үүрэг бүхий Санхүүжилтийн хороотой байна. Санхүүжилтийн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Удирдах Зөвлөл тогтооно.
44 дүгээр зүйл. Намын гишүүний татвар, түүний хэмжээ
44.1. Гишүүний татвар нь намын анхан шатны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр мөн.
44.2. Татвар төлөх гишүүдийн жагсаалт, төлөх татварын хэмжээ, хугацааг НАШБ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж баталгаажуулна.
44.3. НАШБ гишүүний сард төлөх татварын хэмжээг намын Бага хурлаас баталсан санхүүжилтийн журмын дагуу тогтооно.
44.4. Намын гишүүний татварын хэмжээг энэ дүрмийн 42.3-т зааснаас илүү тогтоох, татвар төлөхөөс гишүүнийг чөлөөлөх, татварын хэмжээг бууруулах, татварыг бэлэн бусаар буюу бараа оролцуулах, ажил гүйцэтгэх журмаар төлөх асуудлыг НАШБ-ын бүх гиишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
45 дугаар зүйл. Татварын хураалт, зарцуулалт
45.1. Татвар хураах ажлыг гүйцэтгэх гишүүдийг НАШБ-ын тэргүүлэгчдийн хурлаас томилж, ажлын үр дүнг улирал бүр дүгнэн зохих урамшуулал өгч болно.
45.2. Гишүүний татварыг намын үүр, анхан шатны хороодын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан зарцуулна.
45.3. Намын гишүүн харьяалагдах НАШБ-д татвараа төлнө. Намын гишүүн татвараа дүйцүүлэх хэлбэрээр төлж болно.
46 дугаар зүйл. Намын сонгуульт гишүүний хураамж түүний хэмжээ
46.1. Намын сонгуульт гишүүн намын санхүүжилтын журмын дагуу намд хураамж төлөх бөгөөд энэ нь түүнийг гишүүний татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.
46.2. Намын шат шатны байгууллагад давхар сонгуультай гишүүн нь өөрийн сонгогдсон хамгийн дээд шатны байгууллагад тогтоосон хураамж төлнө.
46.3. Намын сонгуульт гишүүний хураамжийн хэмжээ, түүний хуваарилалт, зарцуулалтыг намын Бага хурлаас баталсан намын санхүүжилтийн журмаар тогтооно.
47 дугаар зүйл. Хураамжийн бүрдүүлэлт, зарцуулалт
47.1. Намын сонгуультны хураамжийн төлөлтөд намын хяналтын байгууллага хяналт тавина.
47.2. Намын сонгуультан хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр хураамжаа төлөөгүй нь намаас хариуцлага хүлээлгэх үндэс болно.
47.3. Намын байгууллага хураамжийн орлого, зарцуулалтын тайланг дараа оны эхний сарын 15-ны дотор гаргаж намын дээд шатны байгууллага, тухайн шатны намын хяналтын байгууллагад хүргүүлнэ. Намын Бага хурлын гишүүдийн хураамжийн тайланг жилийн тайлан тэнцлийн хамт гаргаж, намын Удирдах Зөвлөлөөр батлуулан Хяналтын Ерөнхий Хороонд танилцуулж Бага хуралд оруулан хэлэлцүүлнэ.
48 дугаар зүйл Гишүүд, дэмжигчдийн хандив
48.1. Намын бүх шатны байгууллага намын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хандив хуримтлуулах ажлыг зохион байгуулна.
48.2. Хандивыг зөвхөн сайн дурын үндсэн дээр өгөх бөгөөд гишүүд дэмжигчдийн өргөсөн хандив нь намаас хариу нэхэх үндэслэл болохгүй.
48.3. Хандивлагчдын нэрсийн жагсаалт, мөнгөн дүн, түүний зарцуулалтыг хандив цуглуулах болсон арга хэмжээ бүрээр тухайн үед нь гаргаж жил тутам дээд шатны намын байгууллагад мэдээлнэ.
48.4. Хандивын нэгдсэн тайланг намын ажлын албаны санхүүгийн асуудал эрхэлсэн хэлтэс жилийн дүнгээр нэгтгэн гаргаж Удирдах Зөвлөлд танилцуулан Хяналтын Ерөнхий Хороонд хүргүүлнэ.