Энэхүү музейг 2015 онд нийтлэгдсэн “Сонгуулийн музей байгуулъя” нийтлэлийн агуулгад тулгуурлан “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс санаачлан байгуулж байна. Уг музей нь Монголын анхны цахимд суурилсан музей бөгөөд, сонгуулийн музейн агуулгаараа олон улсад анхдагч санаачилга болох юм.
Монгол Улс 1990 оны 7 дугаар сард анхны чөлөөт ардчилсан сонгуулиа явуулснаас хойш өдгөө 2020 онд УИХ-ын 8 дахь, 2021 ерөнхийлөгчийн 8 дахь сонгуулиа хүлээж байна. Сонгууль, сонголт бүрээс ирэх 4 жилийн улс нийгмийн өнгө төрх харагддаг ч иргэд, сонгогч бид 4 жилийн өмнөх сонголтоо эргээд санаж чаддаг уу?
Улс төрийн боловсролын нэгээхэн чухал хэсэг нь “УЛС ТӨРИЙН ОЙ САНАМЖ” юм.
“Улс төрчид” дараагийн сонгуульд “байдгаараа” бэлтгэж, бэлэн амлалт, уран үгээ зэхэж байна.
Улс төрчдийг өөрчлөгдөхийг хүлээснээс тэднийг сонгодог хүмүүсийг өөрчлөх нь хялбар гэдэг. Тиймээс сонгогч бид өөрсдөө өөрчлөгдье. “Сонгуулийн музей”-ээр зочилж үе үеийн сонгуулийн амлалтууд, уран үгс, мөрийн хөтөлбөрүүдийг эргэн санацгаая.
Дараагийн удаа музейд үзмэр болох биш амьдрал дээр ажил хэрэг болох ЧАНАРТАЙ, ХЭРСҮҮ, УХААЛАГ сонголтыг хийцгээе.
Уг зорилгын дор сонгогч таны хийсэн сонголтыг эргэн сануулах “Сонгуулийн музей”-г байгуулж байна.
- ...Ямартай ч:
- Энэ музейг үзсэн хүн нам сонгохдоо хувцас сонгохоос илүү чухал хандаж,
- Энэ музейг үзсэн хүүхдүүд худалч ах эгч нарыгаа жигшин хүмүүжиж,
- Энэ музейг үзсэн залуус даргын цүнх барьж гүйхээс ичиж,
- Энэ музейг үзсэн иргэд худал үг хуурамч амлалтад үл итгэж,
- Энэ музейг үзсэн сонгогч саналаа өгөхдөө сайтар нягталдаг болно гэдэгт итгэлтэй байна.
- Учир нь тэдний санах ой сайжирсан...
https://electionmuseum.mn/